Аль тал нь ялах вэ

.Graph
2025-05-02

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх асуудал яригдаж байна.

Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа "... С.Баярцогт ...чамтай харьцахгүй, битгий хачин юм ярьж бай, за юу..." гэх зэргээр хариулсан нь УИХ-ын гишүүнийг хүндэтгээгүй гэх асуудлыг дагуулсан. Ингээд УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйтал чуулганы хуралдааны бойкотолж, ирцээ бүртгүүлсэн ч хуралдаандаа суухгүй гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл УИХ-д суудалтай АН-ын 42 гишүүнээс пүрэв, баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд Б.Бейсен, О.Амгаланбаатар, О.Алтангэрэл, Р.Эрдэнэбүрэн, Ж.Батсуурь нар л сууж харагдсан юм. Бусад АН-ын гишүүд ирцээ бүртгүүлсэн ч хуралдаандаа суугаагүй. 

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн хоёр талыг байр суурийг хүргэе. 

МАН-ын талынхан

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын зарим гишүүн "хоёр гишүүний хооронд болсон асуудлаас болж бойкотлох хэрэггүй, чуулгандаа оролцох хэрэгтэй" гэдэг байр суурьтай байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, А.Ариунзаяа нар чуулганы танхимд "Хүний эрхийн чухал асуудал хэлэлцэж байхад АН-ынхан байсангүй" гэж шүүмжилсэн. Мөн УИХ-ын гишүүн Э.Болормаа, П.Сайнзориг нар "Хоёр гишүүний хооронд болсон асуудлаас болж УИХ-ын ажил цалгардалж, ард түмнээ орхиж болохгүй" гэж байр сууриа илэрхийлсэн. Эдгээр гишүүнийг харвал бүгд "Л.Оюун-Эрдэнийн" гэж хэлж болохоор хүмүүс байна. Үүгээр зогсохгүй, троллын армиар ард түмний амьдрал хэцүү байхад АН-ын гишүүд ажлаа хийсэнгүй гэх тархи угаалтыг ч хийж байгаа харагдана. 

Ерөнхийд нь хэлэхэд, МАН-ын талынхан энэ асуудлыг зүгээр л хоёр гишүүний хооронд болсон асуудал, хувьдаа асуудлаа шийдэх ёстой, УИХ-ын ажил үргэлжилдгээрээ үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байна. 

АН-ын талынхан

Харин АН-ын талынхан уг асуудлыг засаглалын хямрал гэж харж байна.

Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага бол Улсын их хурал. Мөн тэдний дархан үүрэг нь гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Ерөнхий сайдаа хянах. Тэгвэл АН-ын талынхан Үндсэн хуулийн зарчим алдагдаж, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихлаа, хэн нь төрийн эрх барих дээд байгууллага юм бэ, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчхаад байхад УИХ-ын дарга нь гүйцэтгэх засаглалаа өмөөрлөө гэх асуултыг дэвшүүлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин, С.Эрдэнэболд, Б.Жаргалан нар байр сууриа илэрхийлсэн.

Тэдний хувьд энэ байр сууриндаа хатуу зогсож, уучлалт гуйтал нь бойкот хийнэ гэдгээ илэрхийлээд байна. 

Уг асуудалд хэн нь дийлж, ялалтын туг өргөхийг цаг хугацаа харуулах биз ээ. Тэртээ 2006 оны үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн С.Оюуныг чуулганы танхимд доромжилсон асуудалдаа уучлалт гуйж, цэцэг хүртэл өгч байсан тохиолдол бий юм билээ шүү. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe