Н.Эрдэнэхүү: Өөрийнх нь хүссэн зүйлийг хийгээгүй гэж халлаа, шүүхдэнэ

.Graph
2025-05-02

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь М.Адилсайханг томилсон билээ. Уг асуудлаар Н.Эрдэнэхүү мэдээлэл хийлээ.

Тэрээр "Сайдын шийдвэр учраас хүлээж авахаас өөр аргагүй. Ажлаа хүлээлгэн өгч байна. Ажлаас чөлөөлөхдөө 1 сарын өмнө мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн. Намайг өмнө байнга л хална, ажлаа өг гэдэг асуудал гардаг байсан ч тухай бүр ажлаа сайн хийсэн учраас ажилдаа үлддэг байсан.

Хавдрын шинэ эм хандиваар оруулж ирэхэд 500 сая төгрөгийн татварыг ХСҮТ-өөс төл гэдэг яригдсан.

Миний хувьд энэ жилийн төсөвт тавигдаагүй тул боломжгүй гэсэн. Энэ үед сайд намайг дуудаж уулзахад хуулиа тайлбарлахад ойлголоо гээд үлдсэн. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө халлаа гэж ойлгосон. Уг асуудлаар шүүхдэнэ. Өөрийнх нь хүссэн зүйлийг хуультай, хуульгүй хийдэг хүнтэй болох гэсэн сонирхолтой хүн байна гэж ойлгоод ажлаа хүлээлгэн өгч байна. Хамтран энэ салбарт зүтгэсэн эмнэлгийн салбарынхандаа баярлалаа" гэлээ.

Үүний дараа сэтгүүлчид асуулт асуув. 

-Таныг төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл байна?

-Худалдан авах ажиллагааг манайх зохион байгуулдаггүй. Худалдан авах ажиллагааг сайд өөрөө болон Төрийн худалдан авах ажиллагааны газар зохион байгуулдаг. Намайг халсан нь зүгээр л шалтаг. 

-Таныг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн найз учраас халлаа гэх хардлага байна?

-Миний хувьд улс төрийн асуудалд оролцохоос илүү урдах ажлаа хийхийг зорьдог. Т.Мөнхсайхан сайдтай муудсан зүйл байхгүй. Одоо харахад, Ж.Чинбүрэн гишүүний нөлөө бүхий хүнийг ХСҮТ-өөс холдуулъя, байхгүй болгоё, өөрийнхөө нөлөөг бий болгоё гэсэн сонирхол байж магадгүй. Гэхдээ улс төр гэхээс илүү эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах асуудал ярих ёстой ч харамсалтай нь түүнийг харахгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн бол ХСҮТ-ийн зөвлөх эмч хэвээр байгаа. Ж.Чинбүрэн эмчийг даатгалын асуудлыг шүүмжлэхэд "бидэнд ирэх хөрөнгө оруулалт, бидний хүссэн зүйлс биелэхгүй болчих вий" гэж байгууллага дотроо ярилцаж байсан. Т.Мөнхсайхан сайдыг арай ч тэгэхгүй болов уу гэж бодож байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe