УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханг хөнгөлөлттэй эмийг хууль зөрчиж худалдаж авсан гэх асуудлыг хөндөж, хууль хяналтын байгууллагад шалгуулна гэдгээ мэдэгдсэн билээ.
Нэг салбарын хүмүүс хоорондоо ийнхүү сөргөөлцөлдөж байгаа нь ямар нэг хувийн болон бизнесийн шалтгаантай юу гэх хардлага төрөөд байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Би бол гайхаж байна. Миний хувьд ямар нэг хувийн шалтгаан, зөрчилдөөн байхгүй. Өнгөрсөн оны 8 сараас Эмийн үнийг бууруулах, чанартай эмээр хангах зорилтын хүрээнд уг ажлыг хэрэгжүүлээд, судалгаа тооцооллоо гаргаад, үйлдвэрүүдтэй харилцаж эхэлсэн.
Ийнхүү 2024 оны 11 сараас эхний ээлжийн эмүүд орж ирсэн. Одоо 28 дахь ээлжийн эм нь орж ирж байна. Хамгийн сүүлд орж ирсэн эм нь хавдрын үед хэрэглэдэг 5 төрлийн эм бөгөөд ХСҮТ-д хүлээлгэж өгсөн. Энэ эмүүд нь хуучин хэрэглэж байсан гаж нөлөө ихтэй эмтэй ижил үнэтэй, зарим нь бүр хямд үнэтэй.
Аль 11 сараас хэрэглэж эхэлсэн эмүүд дээр гэнэт одоо ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт муугаар нөлөөлж байна.
Нэгдэж нийлээд эрүүл мэндийн салбарын хөгжлийг зөв удирдлагад оруулж, хамтдаа асуудлыг ярих ёстой.
Шинээр батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд ДЭМБ-ын жагсаалтад орсон, эмийн хатуу зохицуулалт бүхий улс орны эм үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүйгээр чанартай, хямд эмийг шууд нийлүүлэх гэх заалт орсон. Тэр хэлцлийг нь би ч хийдэггүй юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхан нийлүүлэгч үйлдвэрүүдтэй хэлцэл хийж, хуулиа тайлбарладаг.
Ингэж байж чанартай эмээ авахгүй бол олон улсын тендер зарлахаар тендерийн зарчмаараа хямд үнэтэй нь ялж, чанаргүй эмүүд орж ирнэ" гэв.
Сэтгэгдэл үлдээх