Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн ойн сан бүхий газрын 5915 га талбай түймэрт өртөөд байна

Ж.Номин
2025-05-02

ОБЕГ, ЦЕГ, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Ойн газар хамтран ой хээрийн түймэртэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө. 

2025 он гарснаас хойш улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийтдээ 80 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгджээ. Уг 80 удаагийн гал түймэрт урьдчилсан байдлаар 26820 га ойн талбай, 701 мянга га орчим хээрийн талбай өртсөн байна. Мөн түймрийн улмаас айлын гэр, байшин, автомашин, мотоцикл, өвөлжөө, мал, малын хашаа гэхчлэн эд хөрөнгө сүйдэж, урьдчилсан байдлаар 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Уг хохирлын хэмжээ цаашдаа өсөх магадлалтай аж. 

2025 оны 5 сарын 2-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг сумдад гарсан ой хээрийн гал түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллагын алба хаагчид, тухайн бүс нутгийн иргэд ажиллаж байна. 

Харин Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат суманд гарсан галыг өнөө өглөө бүрэн унтрааж, тухайн сумын Засаг дарга, орон нутгийн иргэдэд хүлээлгэн өгсөн.

Түймрийн хохирлыг тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1470 га талбай түймэрт өртөж, шинэсэн ой, нарсан ой, хусан ойнуудад шаталт явагдаж байгаа. Зүүнбүрэн сумын 631 га талбай, Хушаат сумын 2936 га талбай, Цагааннуур сумын хувьд 878 га талбай тус тус түймэрт өртжээ. 

Тус аймагт гарсан галын шалтгаан урьдчилсан байдлаар гагнуур хийж байсан хүмүүсээс болсон гэж үзсэн. Хууль хяналтын байгууллага нарийвчлан шалгах аж. Түймрийн шаталтын зэргээс хамаарч хэр их хохирол учирсан байгааг тооцоолж, мөнгөн дүнгийн хохирлыг гаргах юм. 

Харин яг одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд Хушаат, Зүүнбүрэн сумын түймэрт ажиллаж байсан 159 алба хаагчийг хүч нэмэгдүүлэн илгээгээд байна. 

Түшиг суманд гарсан түймэрт онцгой байдлын 140 алба хаагч 21 автомашинтай ажиллаж байгаа бол Ерөө суманд 79 хүн 4 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм. Мөн онцгой байдлын нэг онгоц тус аймагт түймрийн тандалт хийх, нөхцөл байдлыг үнэлэн ажиллаж байна. 

Ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй буюу ил задгай гал гаргах, үнс асгах, дутуу унтраасан тамхи, чүдэнз, автомашины янданд халалт үүссэн зэргээс шалтгаалдаг байна. Эрүүгийн хуулийн 24.7-д хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй ой хээрийн түймэр гарсан тохиолдолд хохирлыг үнэлэн, 1-5 жилийн хугацаатайгаар хорих ялаар шийтгэнэ гэхчлэн заасан байдаг. 

Энэ жил олон жилийн дунжаас бага хур тунадас орсон тул ихэнх нутгаар хуурайшилт ихтэй болж, ой хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, гайл түймрийн эрсдэлээс болгоомжилно уу.

Ташрамд, Монгол Улсад 19 сая га талбай ойн сан бүхий газар бий. Үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 12.9 сая  га талбай юм. 1990 оноос хойш 1.6 сая га талбай ойн сан бүхий газар гал түймэрт өртөж, доройтсон байдаг аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe