Санхүүгийн боловсрол олгох нь хүүхдийн ирээдүйн амьдралд маш том хөрөнгө оруулалт юм

.Graph
2025-05-02

Санхүүгийн боловсролын асуудлаар Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б. Одонтунгалагтай ярилцав. 

Юуны өмнө ярилцлагаа “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянаас эхэлье. Энэ аяны талаар товчхон мэдээлэл өгнө үү?

Дэлхийн мөнгөний долоо хоног буюу Global Money Week аян нь хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дэмжих Олон улсын аян юм. Зорилго нь тэднийг ухаалаг, санхүүгийн хувьд хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд оршдог. Энэхүү санаачилгыг 2012 оноос эхэлсэн бөгөөд өнөөдөр 176 улс дэмжиж, албан ёсны дүн мэдээгээр өдгөө 180-д сая хүүхэд, залууст хүрсэн байна. Дэлхийн мөнгaөний долоо хоногийг жил бүрийн 3-р сард Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болох OECD-ийн дэргэдэх Санхүүгийн боловсролын Олон улсын сүлжээ (INFE)-нээс зохион байгуулдаг.

Монгол Улс энэ аянд хэзээ элсэж, хэрхэн оролцдог вэ?

Манай улс 2013 оноос эхлэн энэхүү аянд тогтмол оролцож ирсэн. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, арилжааны банкнууд хамтран зохион байгуулдаг. Жил бүр аяны нээлт болон хаалтыг зохион байгуулагчид хамтран нэгдсэн арга хэмжээ хийдэг нь нэгэнтээ уламжлал болоод тогтсон байна. Мөн хүүхэд, залууст хүрэх боломжит бүх л сувгаар дамжуулан тухайн жилийн уриа үгтэй нийцэх агууллагуудаар нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад танхимын сургалт орохоос  гадна цахим сургалт хийх, Монголбанкны мөнгөний музейгээр хүүхэд, залуусыг нээлттэй зочлуулах мөн сошиал сувгуудаар олон нийтэд мэдээлэл түгээх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Үр дүнд нь аяны маань хүртээмж ч жил бүр нэмэгдсээр байна. Анх 2013 онд дунджаар 1677 орчим хүүхэд, залууст хүрч байсан бол 2024  онд 6 мянга шахам хүүхэд, залуус шууд байдлаар хамрагдсан байна.

Энэ жилийн хувьд ямар онцлогтой, шинэлэг зүйлүүд хийгдсэн бэ?

2025 оны аяныг “Санхүүгийн зөв шийдвэр – Маргаашийн амжилтын эхлэл” уриа дор 3-р сарын 22-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод эхлүүлж, улс орон даяр өрнүүлж хаалтын үйл ажиллагааг 4-р сарын 14-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулсан. Онцлох нэг зүйл гэвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан Level-Up хөтөлбөр-ийн хүрээнд Боловсролын ерөнхий газар анх удаа нэгдэн оролцсон. Мөн ЕБС-ийн сурагчдын дунд мэдлэг сорих тэмцээн, уралдаанууд зохион байгуулж, амжилт гаргасан хүүхдүүдэд хадгаламж нээх эрхийн бичиг, сертификат зэргийг гардуулсан.

Ярилцлагынхаа төгсгөлд асуухад, санхүүгийн боловсролыг хүүхэд, залуучуудад бага наснаас нь эхлэн олгох нь яагаад чухал байдаг вэ? Монголбанк энэ тал дээр хэрхэн анхаарч, ажиллаж байна вэ?

Санхүүгийн боловсрол олгох үйл явц бол тухайн хүүхдийн ирээдүйн амьдралд маш том хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгож болно. Мөнгөний үнэ цэнийг багаасаа ойлгосноор хүүхдүүд хэрэгцээ, хүслийнхээ ялгааг мэддэг болж, ухаалаг шийдвэр гаргах чадвартай болдог. Энэ нь зөвхөн хувь хүний санхүүгийн сахилга бат, мэдлэг чадварт ч сайнаар нөлөөлөөд зогсохгүй гэр бүл, хамт олон, цаашлаад нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг. Монголбанкны хувьд жил бүр “Дэлхийн мөнгөний долоо хоног” болон “Дэлхийн хуримтлалын өдөр” гэсэн хоёр томоохон Олон улсын аяныг улс орон даяар зохион байгуулдаг. Мөн санхүү, эдийн засгийн мэдлэгийг таниулах сургалтуудыг байнга явуулж, сургагч багш нарыг бэлтгэж байна. Эдийн засгийн нарийн ойлголтыг энгийн, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарласан гарын авлага, сонирхолтой контентууд ч бэлтгэн түгээдэг. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe