УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханг хөнгөлөлттэй эмийг хууль зөрчиж худалдаж авсан асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр "ЭМДҮЗ-ийн 2022 оны 7-р сарын 4-ний тогтоолоор ЭМДҮЗ өөрийн эрхээ бусдад шилжүүлсэн байна. Т.Мөнхсайхан сайд 2025 оны 3-р сард ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчлэх асуудлыг 2025 оны 4-р сарын 30-ны өдөр ЭМДҮЗ-өөр хэлэлцүүлэхээр болсон байна. Гэтэл ЭМДҮЗ хуралдаагүй байхад БНСУ-ын 5 компаниас авсан 23 эмээ хөнгөлөөд яваад байна. Энэ бол хуулийн зөрчил" гэлээ.
Үүний хариуд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Би хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Намайг хууль зөрчсөн гэж байгаа бол хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулчих л даа. Та эрүүл мэндийн салбарын хүн. Салбараа болж бүтэхгүй байгаа мэт байнга яриад байхаар салбарын нэр хүнд яриад байна шүү дээ. Та шалгуулчих л даа. Би БНСУ-д очиж, эмийн үйлдвэртэй гэрээ хийж, гарын үсэг зурсан зүйл байхгүй" гэв.
Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Би өчигдөр Улсын ерөнхий прокурорт таныг шалгуулахаар өгсөн" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх