Хэн нь том дарга юм бэ

.Graph
2025-05-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрсэн ч, үнэндээ 126 гишүүнээс дөнгөж 28 нь чуулганы танхимд хуралдаанд оролцож байна.

Ирц ийм муу байгаад УИХ-ын АН-ын гишүүд чуулганы хуралдааныг бойкот хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхгүй бол хуралдаандаа оролцохгүй гэж мэдэгдсэнтэй холбоотой. Энэхүү байр суурийг УИХ дахь АН-ын бүлгийн 28 гишүүн дэмжсэн. Иймээс тэд чуулганд ирсэн хэмээн ирцээ бүртгүүлсэн ч хуралдаандаа оролцохгүй байгаа юм.

Харин УИХ дахь АН-ын гишүүдээс Р.Эрдэнэбүрэн, О.Алтангэрэл, Ж.Батсуурь нар л чуулганы хуралдаандаа оролцож байгаа аж. Тэд бол ойлгомжтой, хамтарсан засагт сайд болж аль хэдийнээ МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "халаасанд" орсноос ялгаагүй болсон хүмүүс. 

Эл үйл явдал УИХ дахь АН-ын гишүүд Хамтарсан засгийн газарт сайд болсон "давхар дээлтэй" гишүүд болон "дан дээлтэй" гишүүд гэдгээрээ хоёр хуваагдсаныг харуулж байна. АН-ын "Давхар дээлтэй" гишүүдийн чих Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын өмнө зөөлөн, дуудсан даруйд хуралдаа оролцож байна. Харин "дан дээлтэй" гишүүд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой гэсэн байр суурь дээр баттай зогсжээ. 

АН-ын гишүүдийг чуулганд бойкот хийж байгаа асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ихэд эгдүүцэж, хатуухан үг хэлээд авсан. Тэрээр "Нэг нэгэндээ гомдсон туньсан асуудлаар УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж болохгүй. Аль аль талдаа зарчимтай, хүндэтгэлтэй харьцах ёстой. Цаашдаа УИХ-ын чуулган дээр хоёр гишүүн хоорондоо үг чулуудсанаас болоод УИХ-ын үйл ажиллагаа гацдаг болох юм уу. Би тийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ялихгүй асуудал дээр бойкот хийгээд сууж байна, АН-ынхан 5 минутад орж ирж хуралдаа суу" гэсэн юм. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгэнд нэг алдаа бий. Энэ бол Цаашдаа УИХ-ын чуулган дээр хоёр гишүүн хоорондоо үг чулуудсанаас болоод УИХ-ын үйл ажиллагаа гацдаг болох юм уу гэдэг өгүүлбэр. 

Юу болсон бэ гэвэл, дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байсан. Хуралдаанд Л.Оюун-Эрдэнэ оролцсон ба үүргийн хувьд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдынхаа хувиар оролцож байв. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ард түмний амьдрал хэцүү байгааг мэдэж байна уу гэх асуултаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс бус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуусан. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ гишүүн Ж.Баярмаа руу "... С.Баярцогт ...чамтай харьцахгүй, битгий хачин юм ярьж бай, за юу..." гэх зэргээр хариулсан юм.

Үүнээс харвал, энэ хэрүүл хоёр УИХ-ын гишүүний хооронд бус Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн хоёрын хооронд болжээ.

Зүй ёсондоо УИХ бол төрийн байгууллын дээд байгууллага. Засгийн газар, Ерөнхий сайд нь гүйцэтгэх байгууллага. Энэ хоёр байгууллагын аль нь том бэ гэдгийг Үндсэн хуульд заагаад өгчихсөн. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хэн нь хэнийгээ удирдан чиглүүлэх ёстой вэ, хэн нь хэнийхээ үгэнд орох ёстой вэ гэдгийг Үндсэн хуулийн энэ ганцхан өгүүлбэр хэлээд өгнө.

Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагыг удирдан чиглүүлж байдаг УИХ-ын дарга нь өөрөө гүйцэтгэх засаглалынхаа халаасанд орчихжээ.

Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад суучихсан байгааг АН-ын бүлэг удаа дараа шүүмжлээд байхад УИХ-ын дарга нь Ерөнхий сайдаа өмөөрч, АН-ын гишүүдийг загнаж байгаа нь зүйд нийцэхгүй. Учир нь, парламентыг улам хүчирхэгжүүлж, сайжруулах асуудлыг АН-ынхан яриад байхад "Бид нар Засгийн газраараа загнуулаад байж байх ёстой" гэдэг агуулгыг Д.Амарбаясгалан УИХ-ын даргын индер дээрээс ярьж байна. 

Уг нь бол Монгол Улсын хамгийн том дарга бол Д.Амарбаясгалан гээд хэлчхэд буруудахгүй. Тэр сонгуулийн эрх бүхий 1.1 сая иргэнээс сонгогдсон 125 гишүүнийг удирдаж байна. Даварсаар даварсаар Дагвын оронд болсон Засгийн газрыг парламентыг хүндэтгээгүй асуудлаар уучлалт гуйлгачхад буруудах зүйл байхгүй. Харамсалтай нь, тэр өөрөө дээрээ даргатай учраас даргынхаа үгэнд ороод чадахгүй бололтой. Тэр дарга нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ.

"Ийнхүү Монгол Улсын хамгийн том даргаар Л.Оюун-Эрдэнэ өрсөлдөгчгүй тодорлоо". 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe