Соёл, спорт, аялал жуулчлалын, залуучуудын сайд Ч.Номин цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сэтгүүлч нарт мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 4 сарын 11-нд Youtuber IShowSpeed Монгол Улсад ирж, шууд дамжуулалт хийсэн. Түүнийг төсвийн мөнгөөр авчирсан гэх олон нийтийн хардлагад Ч.Номин сайд хариулт өглөө.
Тэрбээр “IShowSpeed гэх Youtuber залууг Монголд ирэхэд яамнаас мөнгө гаргаагүй. Тухайн залуугийн хувьд Азид буюу БНХАУ-д явж байсан тул бид “Монгол Улсад ирээч ээ” гэх саналыг тавьсан. Одоо үеийн нөлөөлөгч нар заавал мөнгө авч ирэх гэхээсээ илүү бид өөрсдийн улсаа сонирхолтой танилцуулж чадвал тэр хүн өөрөө контентоо хийхийн тулд мөнгө авахгүйгээр тухайн улсыг сонирхож ирдэг болсон. Тэр сонирхлынх нь үндсэн дээр авчирсан. Соёлын яамнаас “манай улсад ирээч ээ” гэх саналыг тавьж, Монгол Улсад аялах хөтөлбөрийг нь боловсруулж, зохион байгуулж өгсөн” гэв.
Харин түүнийг шууд дамжуулалт хийж байх үеэр Ч.Номин сайдын хүүхдүүд тусдаа зураг авхуулсан явдлыг тодруулахад “Манай хүүхдүүд чинь адилхан л өсвөр насны хүүхдүүд. Гадаа гүйлдэж байсан хүүхдүүдтэй адилхан гэрээсээ гараад гүйчихсэн байсан. Би хуралтай байж байгаад л сүүлд мэдсэн. Миний хувьд нөлөөлсөн, албан тушаалаа ашигласан юм байхгүй” гэсэн юм.
Тэрбээр үргэлжлүүлэн “Соёл, спорт, аялал жуулчлалын, залуучуудын яамны жилийн төсөв 530 гаруй тэрбум төгрөг бөгөөд 60 орчим хувь нь хөрөнгө оруулалтын төсөв байгаа. Одоогоор 85 гаруй бүтээн байгуулалтыг зэрэг хийж байгаа. Мөн соёлын салбарын 600 гаруй байгууллагын ажилчдын цалин хөлсөнд төсөв маань явчихдаг. Манай салбар өмнөх төсвийн үеэр хамгийн их төсвөө тануулсан.
Соёлын яамнаас төсөв зарцуулж олон улсын нөлөөлөгч нарыг авчрах төлөвлөгөө байхгүй. Харин хувийн хэвшлүүд томоохон уран бүтээлчдийг авчирч байгааг яамны зүгээс бодлогын түвшинд дэмжинэ.
2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээн авна гэж үзэж байгаа бөгөөд 2024 оны байдлаар 808 мянган жуулчин хүлээж авсан байна. Жилд ойролцоогоор 7 орчим хувийн өсөлттэй явж байна. Харин ковидын үетэй харьцуулахад 30 хувийн өсөлттэй байгаа. Цаашид аялал жуулчлалын салбарт 16 хувийн өсөлтийг бий болгож байж 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээж авна. Ингэснээр 4 орчим тэрбум долларыг Монгол Улсын Эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Үүний тулд бид дэд бүтэц буюу авто зам, агаарын тээвэр, зам дагасан ариун цэврийн байгууламжуудаа сайжруулах хэрэгтэй. Дэд бүтцийн сайжруулалтад ойролцоогоор 3.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар нь хувийн хэвшил суурьтай байх ёстой. Төрийн зүгээс ариун цэврийн байгууламжтай цэгүүдийг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор 60 гаруй цэгийг тодорхойлсон” хэмээлээ.
Мөн тэрбээр НЗДТГ-аас зохион байгуулсан олон улсын хоолны фестивалийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.
Сэтгэгдэл үлдээх