Гэр хорооллыг орон сууцжуулах төслийг дэмжихгүй бол газрыг албадан чөлөөлнө

.Graph
2025-05-01

Нийслэлээс "Сэлбэ дэд төв" гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж буй билээ.

Уг төвд нийтдээ 156 га газрыг хамарч байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд 2206 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг нийслэлээс эхлүүлсэн. Тэгвэл үүнээс 1736 иргэнтэй газрыг чөлөөлсөнтэй холбогдуулан нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгожээ. Харин газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй аж. 

Газраа өгөхгүй гэж буй 30 орчим нэгж талбарын эзэдтэй хэрхэн тохиролцох тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Асуудлыг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу шийднэ" гэлээ.

Уг хуульд зааснаар тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа

  • газар өмчлөгч,
  • газар эзэмших эрхтэй этгээд,
  • улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 70-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан тохиолдолд газрыг албадан чөлөөлөх боломжтой ба албадан чөлөөлөх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргах юм байна. 

Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар 2206 нэгж талбараас 1736 нь газраа чөлөөлөхийг дэмжсэн. Энэ нь нийт хувь хүн, хуулийн этгээдийн 78 хувь болж байна. Тиймээс дээрх хуулийн дагуу газраа өгөхгүй гэж буй хүмүүсийн газрыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар албадан чөлөөлнө гэж ойлгож болно. Албадан чөлөөлж буй тохиолдолд газрын эзэн дараах нөхөн олговрыг сонгон авах боломжтой. 

  • Газрыг газраар дүйцүүлэн олгох;
  • Газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр дүйцүүлэн олгох;
  • Газрыг нөхөх олговрын мөнгөн хэлбэрээр худалдан авах;
  • Боломжит бусад.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe