Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ онд дуусгана гэж Боомтын сайд Б.Тулга мэдээллээ.
Тэрээр өчигдөр УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр "Богдхан төмөр зам бол Тяньжин боомтоос ирж байгаа ачаа тээврийн асуудлыг шийдэх шийдэл юм. Одоогийн Улаанбаатар төмөр замаар орж ирж байгаа ачааллыг Богдхан төмөр зам руу гаргаж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Тяньжин боомтын ачааллыг Замын-Үүд дээр байна гэж бодоод байдаг. Үнэндээ ачааллын үндсэн шалтгаан нь Улаанбаатар хотод байгаа. Улаанбаатар хот маань 50-100 чингэлэгтэй нэг цуваа галт тэрэг орж ирэхэд тэрийг буулгаад боловсруулдаг нэг чингэлэг тээврийн ложистикийн төв байхгүй. Тиймээс салаа төмөр зам бий болгож, тээвэр ложистикийн төвүүдээ тийшээ гаргах зорилготой. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ онд дуусгахаар ажиллаж байна" гэлээ.
Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 8-р сарын 23-нд эхлүүлж байсан билээ. Тус замын маршрут нь Мандал өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй 174.78 километр үргэлжилнэ. Богдхан төмөр зам нь Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болон Хөшигийн хөндий, Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийг дайрч өнгөрөх юм.
Сэтгэгдэл үлдээх