Р.Мягмаржав: Татвар төлөх хугацаа хэтэрч, хоцрох тусам эрсдэл нь өндөр болдог

.Graph
2025-05-01

Б.БОЛОР

Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын дарга P.Мягмаржавтай ярилцлаа.

-2020 оноос хэрэгжиж эхэлсэн татварын шинэчлэлийн үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?

-Олны анхаарлын төвд байдаг татварын алба өр хураах зорилгоор татвар төлөгчийн дансыг хаалаа гэж нэлээд яригддаг.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас бизнес эрхлэлт, ажлын байрыг хадгалах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг  дэмжих, хөрөнгө оруулалт татах, олон улсын шинэлэг зарчмыг нэвтрүүлэх зорилгоор татварын шинэчлэлийг боловсруулан батлуулсан. Өдгөө зургаа дахь жилдээ хэрэгжиж байна.

Тэгэхээр шинэчлэлийн үр дүнг тооцохын тулд мэдээллийн харьцуулалт хийх шаардлагатай. Тухайлбал 2019 онд татварын байгууллагаас Төсвийн тухай хуульд заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээ 5.7 их наяд төгрөг байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 17.9 их наяд буюу гурав дахин нэмэгдсэн үр дүн гарсан. Үүнд 2019 оны татварын шинэчлэл нэлээдгүй үр нөлөөтэй байсан.

Бизнес эрхлэгчдийг дэмжсэн, татварын алба, татвар төлөгч хоорондын харилцааг бүрэн цахимжуулан хурдан шуурхай үйлчилгээг үзүүлдэг болсон. Өмнө нь татварын албанд татвар төлөгч заавал биеэрээ очдог байлаа.

Татварын үйлчилгээг интернэт орчинд хаанаас ч авах боломж бүрдсэн. Татвар төлөгчдөд хамгийн ихээр учирдаг дарамт бол хяналт шалгалт гэлцдэг. Тэгэхээр татварын тайлагнал, төлөлтийг улирал бүр заавал хийх үүрэгтэй байсныг хуулийн өөрчлөлтөөр хялбарчилж татвар төлөгчид өөрөө сонгох сонголтыг бий болгосон.

-2020 оноос хэрэгжсэн хуульд өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байсан уу?

-Татварын хувь хэмжээг 1, 10, 25 хувиар төлөх хуулийн зохицуулалт орж төлөгч рүүгээ чиглэсэн шинэчлэлүүдийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Энэ онд Монгол Улсын Их хурлын ажлын хэсэг гарчихсан татварын дараагийн шинэчлэлийг хийхээр төлөвлөөд хуулийн төсөл боловсруулагдаж байна. 2020 оноос хэрэгжсэн зарим хууль нэг талаараа хэрэгжихэд хүндрэлтэй, хоёрдмол утгатай заалтууд, татвар төлөгчдөд хүндрэлтэй хуулийн зохицуулалтуудыг эргэн хараад дахиж шинэчлэх ажлууд явж байна.

Дэлхийн эдийн засаг маш хурдан хувьсаж тэрийгээ дагаад Монгол Улс адилхан өөрчлөгдөх хэрэгтэй. Бид 2020 онд олон улсын татварын шинэлэг зарчмууд, сайн туршлагуудыг нэвтрүүлж байсан бол цаг үеэ дагаад дэлхий нийт хувьсаж өөрчлөгдсөн. Тиймээс бид шинэчлэгдэх шаардлагатай. Татварын хуульд богино хугацаанд шинэчлэл хийж байна гэдэг шүүмжлэлийг бизнес эрхлэгчид, татвар төлөгчид хэлдэг л дээ. Гэхдээ энэ нь цаг үеэ дагасан байдлаар хийгдэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, ажлын байр, эдийн засгаа хамгаалах зорлиготой.

-Татвар төлөгч ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээдэг вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйл дээр “Иргэн хуулиар ногдуулсан албан татвараа төлөх үүрэгтэй” гэж бий. Харин Татварын ерөнхий хуулиар татвар төлөгчийн эдлэх эрхийг тодорхой заагаад өгчихсөн. Жишээлбэл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой эрхүүд байгаа. Үүнд хугацааны хөнгөлөлт буюу татвараа хойшлуулж төлөх, татварын илүү төлөлт үүссэн бол  буцааж авах, хяналт шалгалттай холбоотой тайлан мэдээ, тайлбар мэдээлэл авах  гэх мэтчилэн эрхүүд бий. 

-Хөнгөлөлт, чөлөөлөлтөөр татвар төлөгч хэдэн төгрөгийн буцаан олголт авч болох вэ?

-Үүнээс урьтаад татварын өр яагаад үүсдэг талаар товчхон танилцуулъя. Монгол Улсад 30 төрлийн татвар хэрэгжиж байна. Мэдээж татвараа тайлагнаж, төлөх тодорхой хугацаа бий. Тодруулбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайланг дараа оныхоо хоёрдугаар сарын 10-ны дотор тайлагнах, төлөх ёстой. Хэрэв тайлагнах хугацаа нь нэг өдрөөр хойшлоход л өр гэж хуулиар тооцогдоод явдаг.

Түүнээс гадна татвар төлөгч өөрөө тайлангаа илгээчихээд дараагийн тайлант жил дуусахаас өмнө засварлах эрхийн дагуу тайландаа зарим нэг орлогоо, буруу тооцчихсон бол татварын албанд тайлан засварлах хүсэлтээ ирүүлдэг. Засварласан тайлангийн хувьд засагдсан өдрийн дараагийн өдрөөс татварын өр болоод явна.

Мөн татварын хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын актаар татварын өр үүсэж болно. Энэ нь татвар төлөгч эцсийн төлөх ёстой өдрөөсөө өмнө төлөөгүй бол маргаашнаас нь татварын өрөнд  тооцдог зохицуулалтууд байгаа.

-Татвар төлөгч татварын өрийг төлөхгүй бол ямар эрсдэлүүд гарах вэ?

-Хуулиар олгогдсон, хуульд заасан хугацаандаа татвараа төлөөгүй татвар төлөгчдийн хувьд хүндрэлтэй асуудал нь татварын алба өр хураах ажиллагаа эхлүүлдэг.

Татварын өр хураах ажиллагаа гэдэг нь татвар төлөгч тайлангаа татварын албандаа тушаасан боловч төлөх татвараа шилжүүлээгүй байвал таны тайланг хүлээж авснаасаа хойш ажлын 30 хоногийн дотор танд  нэхэмжлэх өгнө.

Нэхэмжлэх дээрээ та татварынхаа ногдлыг ажлын 10 хоног дотор барагдуулах тухай мэдэгдэл болон бусад холбоотой мэдээллийг тусгасан  байна. Татвар төлөгч мэдэгдэлд заасан хугацаандаа төлөхгүй бол татварын албаны дараагийн арга хэмжээ буюу данс битүүмжлэх ажиллагаа руу шилждэг.

Өртэй татвар төлөгчийн данс битүүмжлэх үйл явц нь хуулийн дагуу өр барагдуулах үйл ажиллагаануудын  нэг хэлбэр. Энэ нь данс битүүмжлэх ажиллагаа хийгээдээд тухайн дансан дахь мөнгөн хөрөнгөөс татварын өрийг шууд хурааж авах үүрэгтэй ажиллагаа юм.

Битүүмжилсэн банкны дансаар нь мөнгө орж ирэхгүй татварын өрийг барагдуулах боломжгүй тохиолдолд дараагийн хүндрүүлсэн арга хэмжээ буюу эд хөрөнгийн байдлыг нь тогтоон, эд хөрөнгийг нь битүүмжлүүлж мөнгөн хэлбэрт шилжүүлэх ажиллагаанууд хийгддэг.

Тиймээс татвар төлөх хугацаагаа маш сайн анхаарч байх хэрэгтэй. Мэдээж хугацаа хоцрох тусам ирэх эрсдэл нь өндөр болдог. Мөн хуулийн хугацаанд төлөөгүйгээсээ үүдээд хоног тутамд алданги бодогддог гэдгийг бизнес эрхлэгчид мэдэх ёстой.

Сангийн сайдын тушаалаар хуулийн хугацаанд татвараа төлөөгүй хоног тутамд тооцох алдангийн хэмжээг жил бүр тогтоодог 2025 онд 0.051 хувиар хоног тутам алданги бодогдоно.

-2025 онд татвар төлөгч уруу чиглэсэн ямар стратеги төлөвлөгөө, бодлогыг баримтлан ажиллаж байна?

Монголын Татварын алба  2025-2028 оныхоо стратеги төлөвлөгөөнд 2025 оныг зөвлөн туслагч татварын албыг бий болгох зорилт тавьсан. Үүний гол бодлого нь татвар төлөгчийг татварын эрсдэлүүдээс нь урьдчилан сэргийлэх зөвлөгөө арга зүйгээр хангахаар ажиллаж байна. Мөн татвар төлөгчид хүндрэл, эрсдэлтэй тулгарсны дараа хуулийг хэрэгжүүлэх талаар ярихаас илүүтэй урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн мэдээлэл түгээх, ойлгуулахад чиглэсэн зорилго тавин бодлого хэрэгжүүлээд явж байна.

Энэ хүрээндээ татварын албанаас үе шаттай хэрэгжүүлэх сургалтууд, зөвлөн туслагч татварын албад, зөвлөн таниулах мэдээ мэдээлэл хүргэх ажлыг түлхүү хийхээр төлөвлөсөн байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 81 (7578)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe