Нүүрсний гэх Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэнэ

Ц.Чимэдцэеэ
2025-05-01

Нүүрсний гэх хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарын хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн.

Тэгвэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх өчигдөр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.

Энэ тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа дараах байдлаар тодорхой дурдсан байна.

Прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон байна.  

Яллах дүгнэлтэд авто замын ангилал шилжүүлэх болон эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа ямар эрх зүйн үр дагавар үүсгэж, энэ нь нийгэмд аюултай, гэм буруутай ямар үйлдэл эс үйлдэхүй болохыг тодорхой дүгнээгүй.

Мөн Б.Энх-Амгаланг нийтийн, эсхүл улс төрд нөлөө бүхий гэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлоогүй атал улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, шүүгдэгч тус бүрийн хамтран оролцсон хэлбэрт зөрүүтэй дүгнэлт хийсэн хэмээн үзжээ. 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзсэн байна.

Ийнхүү тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр боллоо.

Анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жил хорин ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн байсан юм.

Хэргийг сөхвөл, “Авто замын ангилал шилжүүлэх тухай” тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлж, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 227 дугаар “Эзэмших эрх олгох тухай” тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар зээмших эрхийг “И.” ХХК-д олгож, “С.” ХХК болон “И.” ХХК-иудад давуу байдал бий болгосон байж болзошгүй асуудал яригддаг

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe