Шадар сайд Л.Гантөмөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барилаа.
Хуулийн төслийг боловсруулахдаа дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, төсвийн алдагдал болон өрийн хэмжээг үе шаттайгаар бууруулах бодлогыг баримтлахаас гадна холбогдох хуулийн шаардлагад бүрэн нийцүүлсэн гэв.
Хуулийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2026 онд 6.0 хувиар, 2027, 2028 онуудад тус бүр 6.5 хувиар өсөхөөр тооцож, тусгасан байна. Түүнчлэн инфляц 2026 онд дунджаар 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6 хувь байхаар төсөөлснөөр өргөн барьжээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар төлөвлөсөн буюу нийт зарлагын дүнг тэнцвэржүүлсэн орлоготой тэнцүү байхаар тооцсон аж.
Мөн хуулийн төслийг боловсруулах үйл явцад төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн олон талт оролцоог хангаж, холбогдох саналуудыг тусгаснаа онцлов.
Сэтгэгдэл үлдээх