Н.Учрал: Үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг болно

Ж.Номин
2025-04-30

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хурлаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Нэгдүгээрт, Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталжээ. 

Ашигт малтмалын тухай хуулиар Стратегийн орд, түүний үүсмэл ордын 34/50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэх заалт бий. Үүсмэл орд нь стратегийн ордыг түшиглэсэн баялаг юм. 

ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал:

- Өнгөрсөн хугацаанд Стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр ашиглуулдаг байсан. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор үүсмэл ордыг олгохдоо үгсэн хуйвалдаж, ар өврийн хаалгаар авч ашигладаг байдлыг таслан зогсоож байна. 

Өөрөөр хэлбэл, цаашид үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийн, гэрээний хүрээнд ашиглуулна.

Мөн стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл ордуудад 34 хувийг нь тогтоох шаардлагыг албажуулж байна. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн гурван үүсмэл орд буюу “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Ирэх өдрүүдэд төр эзэмшлийн 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулах ажлыг дуусгаж, Засгийн газарт танилцуулна. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ гэв. 

Ташрамд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь өөрийн овоолго буюу үүсмэл ордыг ашиглахаар төсөл хэрэгжүүлэх гэж байсныг өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор зогсоожээ. Ийнхүү төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэх зарчмыг хангаж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах аж.   

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe