М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд дулаан, цахилгааны бие даасан хуультай болох нь зүйтэй

Ж.Номин
2025-04-30

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай гэсэн гурван хуулийн төслийг шинэчлэн боловсруулах чиг үүрэгтэй ажлын хэсэг эхний хуулийн төслөө боловсруулжээ. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг мэдээлэл өглөө. 

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш зургаан сарын хугацаанд салбарын мэргэжилтэн, инженерүүдтэй хамтран гурван бүлэг ажлыг хийжээ. 

  • Нэгдүгээрт, Монголын өнөөгийн эрчим хүчний салбарын нөхцөл байдал буюу яагаад хэрэглэгчээ эрчим хүч,  дулаанаар хангаж чадахгүй байна вэ, яагаад хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна вэ гэдэгт дүгнэлт гаргажээ. 
  • Хоёрдугаарт, бусад улс орны сайн туршлагыг судлан, манай орон шиг цаг  уурын нөхцөл байдалтай орнууд болон хөгжлөөр тэргүүлэгч найман улсын хууль, эрх зүйн орчныг судалжээ. 
  • Гуравдугаарт, Дулааны эрчим хүчний бие даасан хуулийн төслийг боловсруулсан байна. 

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг: 

- Монголын эрчим хүчний салбарын хууль хэт ерөнхий, товчхон байгаагаас шалтгаалан бодит амьдрал дээр дулаан, цахилгаан гэх хоёр том салбар 800 гаруй журмаар оролцогч талуудынхаа харилцааг зохицуулж байна. Хуулиар зохицуулах харилцаа журмаар зохицуулах харилцаа гэдэг нь тэс ондоо зүйл. Тэгэхээр эрчим хүчний салбар маш тогтворгүй хууль, эрх зүйн зохицуулалттай байна гэдэг нь харагдаж байгаа юм. 

Бид 8 улсын 1000-2000 хуудас хуулийг нэг бүрчлэн уншиж, туршлага судалсан. Эдгээр орнууд дулааны, цахилгааны гээд тус тусдаа бие даасан хуультай. 

Тиймээс эрчим хүчний салбарыг хөгжүүлж, хууль, эрх зүйн орчныг зөв бүрдүүлэхийн тулд дулаан, цахилгааны бие даасан хуультай болох нь зүйтэй гэж үзээд “Дулааны эрчим хүчний бие даасан хуулийн төсөл”-ийг боловсруулаад байна. Энэ хүрээндээ салбарын байгууллагууд дээр очиж уулзан, төслөө хэлэлцүүлэхэд маш сэтгэл өндөр хүлээн авч, хамтарч, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Дахиад оролцогч талуудаас санал ирвэл хуулийн төслөө улам сайжруулж, чамбайруулна. Ингэж байж бодит амьдрал дээр хэрэгжих амьд хууль болно. 

Цаашид буюу дөрөвдүгээрт бид “Цахилгаан эрчим хүчний бие даасан хууль”-ийг боловсруулахаар бэлтгэж байна гэв.

Олон орны туршлагыг судалж, хэрэглэгчдийг найдвартай, аюулгүй, тасралтгүй дулаан, цахилгаанаар хангахад чухал нөлөөтэй хэд хэдэн ойлголтыг танилцуулав.

  • Дулааныг м.кв-аар биш тоолуураар зөв хэмжиж, хэмнэх
  • Хэрэглэгч дулаан хангамжаар эрх тэгш хангагдаж чадаж байгаа эсэх буюу хувийн өмчлөлийн шугам сүлжээний холболтод шинэ хэрэглэгч нэмэгдвэл улсын өмчлөлд шилжүүлж, хувийн өмчлөгчөөс гарсан зардлыг нөхөж олгох
  • Дулаан хангамжийн системийг ангилах буюу төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан дулаан хангамжийн системийг тусад нь хөгжүүлж, тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэх зэргийг дурдаж байв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe