Н.Лхагвадорж: Сэлэнгэ аймаг органик хүнс нийлүүлэгч аймаг болно

.Graph
2025-04-30

Рагчаагийн ОЮУН

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Иргэдийн хурлаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Та энэ дөрвөн жилд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Сэлэнгэ аймгийг Бэлчир, Орхон, Хараа, Ерөө, Сэлэнгийн бүс гэсэн таван дэд бүсээр бүсчлэн хөгжүүлэх бодлогыг шинэчлэн хэрэгжүүлэхээс гадна “Нээлттэй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг бодлогоор дэмжинэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр аймгийн төв Сүхбаатар суманд 70 мвт-ын дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Мандал суманд 50 мвт-ын дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ.

Сэлэнгэ аймагт дэд бүтэд дээрээ анхаарч ажиллаж байна. Мөн төсөв бүрдүүлдэг зургаан аймгийн нэг. Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу 20 мянган хүнийг нутагтаа эргүүлэн татах зорилго тавьж байгаа. Тиймээс сумдаа орон сууц барьж амьдрах боломжийг нь бүрдүүлэх дэд бүтцийн асуудал нэгдүгээрт тавигдаж байна.

17 сумын 16 нь авто замаар холбогдсон. Одоо тосгодуудыг холбож эхэллээ. Мөн хувийн хэвшлүүдээ бүсчилж хөгжүүлье гэж бодож байгаа. Бүсчилж хөгжүүлээд бүс нутгаар нь махны үйлдвэр, хүнс, ногооны даршлах, хатаах үйлдвэр, цех гээд олон ажил бий. Үргэлжлүүлээд тухайн бүс бүрийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийх зорилго тавин ажиллаж байна.

-70 мвт-ын дулааны цахилгаан станц хэзээ ашиглалтад орох вэ?

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 мегаваттын цахилгаан станц эхлээд явж байгаа ч ирэх жил 210 мегаватт болгох зорилготой явж байна. Энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Одоо холболтын зураг төслийг нь хийгээд дуусаж байна. Асуудлыг шийдчихвэл аймгийн төвийн дулаан ямар ч асуудалгүйгээр шийдэгдэнэ.

-Дулааны цахилгаан станц ашиглалтад орвол боловсон хүчин хэрэгтэй болно. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-17 суманд шинээр дулааны жижиг оврын зуухнууд оруулж ирж байна. Энд ч гэсэн нарийн мэргэжилтнүүд бэлтгэх, стандарт, норм дээр нэлээд анхаарч ажиллана. Дулааны асуудлыг цэгцлэхгүй бол зуухнуудыг гараар хийсэн, Орос, Хятадад үйлдвэрлэсэн байна. Дээрээс нь ямар нүүрс түлж байгаа нь мэдэгдэхгүй. Төмөр л бол төмөр гэсэн байдлаар харьцаж байгаа асуудал байж болохгүй. Тиймээс стандартад таарсан, тухайн бүсэд хэрэглэж байгаа нүүрсний илчинд тааруулсан зуух хийлгэхээр БНХАУ-ын Хунгуан үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ирэх сарын 17-24-ний хооронд энэ асуудлыг шийдвэрлэхээр явна.

Мөн БНСУ-ын Бусаны их сургуультай хамтын ажиллагааны гэрээ хийсэн. Энэ нь Сэлэнгэ аймгийн оюутнуудыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Дээрээс нь дотуур байрны асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд 39 төрлийн нарийн мэргэжилтэнг сургах боломж бүрдэж байгаа юм. Цаашид манай Засгийн газрын барьж байгаа 14 мега төслүүдээр боловсон хүчний дутагдалд орж байгаа учраас үүнд бүх аймаг анхаарч дэмжлэг үзүүлээд явах бүрэн боломжтой. Бид ажлаа эхлээд хийгээд явуулж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтын ажил нэлээд сайн явж байгаа. Хуучнаа бодвол даац дөрөв дахин нэмэгдсэн, томоохон ажлуудын нэг болж байна. Боомтын мэргэжилтэн, гааль, хилийн цэрэг нэмэгдэх ёстой гэвэл багагүй хүн наашаа шилжиж ирэхээр байгаа. Тиймээс бид аль болохоор нутагтаа амьдрах орчныг нь сайн бүрдүүлэх шаардлагатай байна.

-Нутгийн оюутнууд ч гэсэн нутагтаа ирээд ажиллах таатай орчин хэрэгтэй байх?

-Оюутнууд гэхээс илүү нутгийн хүүхдүүд маань ирж нарийн мэргэжлийн сургуульдаа сурчихаад нутагтаа ирж сайхан амьдрах орчинг бүрдүүлж өгөх ёстой. Мөн бид гэрээ хийнэ. Тиймээс дэд бүтцийн асуудал яриад байгаа юм. “Нутгийн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, залуу хойч үеийг сургах, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр, гадаад, дотоодын их, дээд сургуулиудаар дамжуулан бэлтгэх, байгаль орчин, уул уурхайн салбарын машин тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаатай Японы Шизуока муж, БНСУ-ын Танжин, Сөүл хот Үньпён дүүрэгтэй хамтран салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулахаар ажиллаж байна.

Бас “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж их, дээд сургуулийн оюутан, политехник коллежын суралцагчдад “Ажиллангаа суралцах, суралцангаа хөдөлмөр эрхлэх” боломжийг бүрдүүлнэ. Мөн гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутан суралцагчдын дунд “Нутгийн оюутан” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургуулиа төгсөөд нутагтаа ирж ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ.

ОХУ-ын Буриад улсын ерөнхийлөгчийн шийдвэрээр Хиагт хотод Сэлэнгийн 30 хүүхэд автобусаар очиж суралцаж байна. Сая Буриадын боловсролын сайд ирж уулзаад “Сэлэнгэ аймагт хоёр анги нээж ажиллуулах боломж байна уу” гэдэг санал тавьсан.

-Сэлэнгэ аймагт “Атрын IV аян”-ы нээлт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, уул уурхайн хамтын ажиллагааны зөвлөгөөн боллоо. Тулгамдаж байгаа ямар асуудал байна?

-Хүнс, хөдөө аж ахуйн яам Дархан-Уул аймагт ойртож ирснээр багагүй ажлыг амжуулж байна. Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүсийнхэнд тодорхой хэмжээний мэргэжлийн зөвлөгөө өглөө. Дээрээс нь органик хүнснийхэн маань нэлээдгүй ажлыг зохион байгуулах, органик хүнсийг яаж тарих вэ, хүнсний ногоочид тайлбар тавьж, бүх сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар сургалтад сууж байна. Газар тариалангийн хувьд агрономч дутагдалтай байна.  Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зөвлөгөөн боллоо. Анх Ерөнхийлөгчийг санаачилж байхад найм орчим сая модтой байсан бол өнгөрсөн жил 22 сая мод тарилаа гэсэн мэдээ бий. Мөн иргэдийн гар дээр 30 орчим сая мод бэлэн байна. Тиймээс бид борлуулалт дээр анхаарч уул уурхайн компаниудтай холбож өгнө. 

Цаашид манай аймаг тарьц суулгацыг улс, бүс, аймгуудын хэмжээнд нийлүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэн ойжуулалт, ойн зурвасын ажлыг 16 мянган га талбайд хийж, 50 сая ширхэг тарьц, суулгацыг тарьж, үрийн нөөцийг 20 тонн хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, чадавхыг нэмэгдүүлэн цөлжилт газрын доройтлыг бууруулан “Ногоон сум”, “Ногоон гудамж”, “Ногоон оффис”, “Ногоон ажлын байр”-ыг дэмжин уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахаар зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Зөвлөгөөний үеэр уул уурхайн 16 аж ахуйн нэгжтэй 142 мянган ширхэг мод тарьж ургуулах гэрээ байгуулж, мод үржүүлэгчдийн тарьц суулгацыг худалдан авалтаар дэмжлэг үзүүлэн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх ажлыг хийхээр гэрээнд тусгасан.

-Газар тариалангаас гадна мал аж ахуй, хүнсний бодлогодоо хэр анхаарч байна вэ?

-Мал, хүнс нь эрүүл байж хүн нь эрүүл байх ёстой гэсэн зарчмаа барьж ажиллах шаардлагатай болчихоод энэ ажлуудыг хийж байна. Малчдын ярьж байгаа нэг асуудал бол малчид, тариаланчдын хоорондын мөргөлдөөн. Манай аймаг 178 сая орчим толгой малтай. Үүнээс ес орчим сая малыг эргэлтэд оруулж энэ асуудлыг шийдээд явна. Цаашид ч гэсэн малынхаа тоог багасгаснаар малын гаралтай элдэв өвчин гарахгүй, эрүүл хүнстэй байж хорт хавдраас сэргийлнэ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, мах, сүү, жимс жимсгэнэ, өндөг, ургамлын тос, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр ханган, улсын төмс, хүнсний ногооны хангамжийн 40-50 хувийг үйлдвэрлэн “Органик хүнс нийлүүлэгч аймаг” болно.

-Сэлэнгэ аймаг байгалийн үзэсгэлэнт газар олонтой. Гадаад, дотоодын жуулчдыг татах болон аялал жуулчлалаа хөгжүүлэхэд ямар ажил хийхээр төлөвлөсөн бол?

-Аймгийн аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөг боловсруулан, орон нутгийн онцлогт нийцсэн түүх, шашин, байгалийн үзэсгэлэнт, соёлын дурсгалт, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын газруудыг түшиглэн дөрвөн улирлын, хил орчмын, голын эрэг дагуух аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Аялал жуулчлалын хүний нөөцийг сургаж, дэд бүтцийг сайжруулан, стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолборыг байгуулж, хог хаягдалгүй эко орчныг бүрдүүлж, жуулчдын ая тухтай аялах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 80 (7577)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe