Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ мөчид алдаа оноогоо дүгнэж, хэтийн хөгжлөө хэлэлцэх нь зүйн билээ. Тэгвэл Монгол Улсын зөвлөх мал зүйч Ч.Арилдийтай ярилцлаа.
-Таны хүчин зүтгэж ирсэн салбарын 100 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд хэрхэн хувьсаж өөрчлөгдөж, ямар алдаа, оноог туучиж өдийг хүрэв?
-Би төрийн албанд 48 жил ажилласнаас 23 жил нь ХХААХҮЯ-ны төв аппаратад мэргэжилтнээс аваад хэлтэс, газрын дарга хүртэл зүтгэсэн. 1981-2003 он хүртэл яг ХХААЯ-ны төв аппаратад МАА-н үйлдвэр, технологийн хэлтэс, газар гэж байсан.
Тэнд эхлээд хонины аж ахуй хариуцсан мэргэжилтнээр Монгол Улсын хонин сүрэг хариуцаж байлаа. Нийт 5 төрлийн мал дотор чинь одоо хамгийн олон тоотой нь хонин сүрэг юм. Сүүлдээ мал үржлийн албаны улсын байцаагч, ахлах байцаагч, ерөнхий байцаагч хүртэл хийж явлаа.
Миний ажиллаж байх үед ХХАА-н салбар тэр дотроо манай МАА-н салбар оргил үедээ хүрсэн одоо онцгой үе.
1950-1990 он хүртэл малын ашиг шимийг сайжруулах, үүлдэр угсаа нэмэгдүүлэх, үнсний хангамж, хөнгөн хүнсний үйлдвэрийг баталгаатай, сайн чанарын түүхий эдээр хангах чиглэлд төрөлжсөн тодорхой үйлдвэрлэл хөгжиж байсан.
1990 оноос хойш нийгмийн тогтолцоо өөр нөхцөлд шилжсэнтэй холбогдуулаад мал малчиндаа очсон. Энэ бол одоо сайн дэвшил. Өмч эзэн 2 ойртсон.
Гагцхүү төрийн бодлогоор МАА-н үйлдвэрлэлийг дэмжих, хөтлөн хөгжүүлэхэд 30-аад жил жаахан бодлого алдагдсан, цалгардсан, хойшоо ухарсан гэж хэлж болохоор үе байлаа.
-Яагаад тэгж харж байна вэ?
-Шинэ нийгэмд шилжих гээд МАА-н салбарын үндсэн тулгуур болсон малчдын амьдралд нэлээн хүнд цохилт орсон.
Хөнгөн хүнсний үйлдвэрүүд бас хувьчлагдаад, дампуурал маягийн юм руу орсон. Тийм учраас МАА-н гаралтай бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэрлэл зогссон учраас үндсэндээ малчдын орлого багассан.
За ингээд багасаж байгаа орлогыг малчид маань орлуулж эхэлсэн бэ гэхээр цэвэр малын тооны өсөлтөөр хангадаг болж эхэлсэн.
Нэг талаас харахад 5 төрлийн эрдэнэт мал сүрэг маань тооны хувьд өсөж олширч байгаа нь сайхан юм шиг боловч нөгөө талдаа аливаа юм хэмжээтэй. Бид 110 орчим сая га бэлчээртэй.
Гэтэл бэлчээрийн даац хэтрээд, эргээд байгаль нөхцөлдөө сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай болсон.
-Сүүлийн үеийн энэ салбарын хандлагыг юу гэж харж байна вэ?
-2020-оод оноос хойш эргээд сэргэж байна.
Бэлчээрийн даац, багтаамждаа тохируулаад мал сүргээ эрчимжүүлээд, малчдынхаа гар дээрээс гарч байгаа бүтээгдэхүүн, түүхий эдээ боловсруулах үйлдвэрүүдээ сэргээгээд ирсэн.
Улмаар малчдын ашиг орлого нэмэгдээд, мал сүрэг маань гадаад, дотоод эдийн засгийн эргэлтэд орж, малчдын амьдрал сайжирна. Үйлдвэрийнхээ эрэлт, зах зээлийнхээ эргэлтэд нийцсэн мал сүргийн чанарыг сайжруулах хэрэгцээ бий болно.
Тэгэхээр дараагийн 100-нд Монгол орны ХАА тэр дотроо МАА бол шинэ зууны шинэ эриний шинэ алхаагаар явах эхлэлийн зааг дээр байна.
Цаашдаа хонгилын үзүүрт гэрэл тодоос тод харагдаж байна. Ирээдүй бол сайхан болно.
Үндэсний уламжлалт, өөрөө байнга өсөн үрждэг МАА-н салбар, ХАА-н салбар цаашдаа уул уурхайтай хослоод, хос морьтой дэлхийн зах зээлд өрсөлдөх томоохон биологийн потенциалтай нөөц бий болж байгаа.
Энийг гагцхүү шинжлэх ухааны үндэстэй, бодлого чиглэлээр тодорхой дэмжлэг туслалцаатайгаар хөгжүүлэх нь чухал гэж ойлгож байгаа.
Одоо 101 дэх жилээс дараагийн зуундаа бүх алдаа, оноогоо засаад бүх юм сайн сайхан болно. Яагаад гэвэл үндсэн түүхий эд болсон, баялаг болсон бидний эцэг өвгөдөөс олон 100 жил Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд өсгөж үржүүлж ирсэн эрдэнэт мал сүрэг маань байж байгаа учраас энэ баялгаа улам үнэлгээжүүлээд явах бололцоотой гэж ингэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх