БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүд 4 сарын 26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн.
Тэрбээр айлчлалын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байгуулсан “Хамтын ойн төгөл”-д мод тарьсан юм. Тус ойн төслийг 1998 онд хоёр улсын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд эхлүүлж, 2006 оноос хойш эрчимжүүлэн, 12.9 га талбайд 21 төрлийн 10 мянга гаруй мод тарьж ургуулахаар төлөвлөсөн байдаг.
Тэгвэл өнөөдөр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчилжээ. Тэрбээр мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах аж.
Ташрамд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж буй аж.
Сэтгэгдэл үлдээх