М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарыг 800 гаруй тогтворгүй, хууль давсан журам зохицуулж байна

Ц.Чимэдцэеэ
2025-04-28

Эрчим хүчний реформ, энэ салбарыг либералчлах талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй ярилцлаа. Тэр Австралийн Middleton group компанид эрчим хүчний системийн загварчлал шинжилгээний инженер, ахлах инженерээр ажиллаж байгаад эх орондоо ирж, МАН-ын жагсаалтын хоёрдугаар эрэмбээр УИХ-ын гишүүн болсон юм. Одоогоор салбарын хуулийг шинэчлэхэд гар бие оролцож, багаа ахалж байна.

-Эрчим хүчний салбарын хамгийн том асуудал нь ТӨК-иуд өөрөө юм шиг харагддаг. Үр ашиггүй ажилладаг, татаас авдаг зэрэг асуудлыг бодлогын хэмжээнд яаж шийдэх гэж байна? 

-Монголд 2001 онд Эрчим хүчний тухай хууль батлагдаад, анхны реформ хийгдэж байсан. Үүнээс хойш төдийлөн эргэж харж, үнэлж сайжруулж, зохих өөрчлөлтүүдийг хийгээгүй. Тарифаа зах зээлийн үнээс доогуур тогтоосноос болоод эдийн засгийн алдагдал хүлээсээр ирсэн. 

Том зургаар харах юм бол компаниуд маань юун бие дааж, ашигтай ажиллах нь байтугай оршин тогтноход ч хүндрэлтэй байдал бий болчихсон.

Өнгөрсөн оны 10 сараас хойш бид Эрчим хүчний хууль дээр шинжилгээ, оношилгоо хийх, ямар үр дагаврыг энэ нийгэмд болон энэ салбарт авчирсан, ямар заалтууд нь сайн хэрэгжчихсэн, ямар заалт нь хэрэгжээгүй юм, яагаад хэрэгжээгүй юм зэрэг судлах ажил дээр нэлээн сайн төвлөрч ажиллалаа.

Хууль маань маш ерөнхий, товчхон. Үүнээс болоод дулаан хангамжийн салбар, цахилгаан хангамжийн салбар 800 гаран журмаар харилцаагаа зохицуулж байна.

Тэгэхээр хууль дээр зохицуулаагүй учраас журмаар зохицуулахаас аргагүй байдал бий болж байгаа учраас тэр.

Гэтэл бодит амьдрал дээр өнөөдөр хуулиар зохицуулах харилцаа журмаар зохицуулах харилцаа гэдэг бол тэс ондоо. Дээрээс нь тэр журмыг боловсруулсан дарга өөрчлөгдөхөд дагаад өөрчлөгдөнө.

Ийм тогтворгүй зохицуулалттай байгаа маань магадгүй өнөөдрийн эрчим хүчний салбарын ямар байдалтай байгаагийн нэг шалтгаан нь байх магадлалтай.

-Судалгааны үр дүнд ямар шийдэлд хүрэв?

-Эрчим хүчний салбар гэдэг чинь ганцхан Монголд байдаг асуудал биш. Манайхтай ижилхэн төстэй, хэрэглэгчээ дулаанаар,цахилгаанаар хангах шаардлагатай орнуудыг судаллаа.

Казакстан, Унгар, Эстони, Дани, Герман гээд манайхтай адилхан хүйтэн орнууд бидний журмаар зохицуулаад байгаа харилцаануудыг аль болох л хуулиар зохицуулдаг юм байна. Энэ улсууд бие даасан дулаан, цахилгааны хуультай.

Манайх бол эрчим хүчний тухай хууль ийм 18 хуудастай, зургаахан бүлэгтэй товч хууль байхад энэ улсуудын хувьд Дулааны хууль, Цахилгааны хууль бие даасан хуулиудтай6

Дулааны хууль нь гэхэд л дор хаяж 5-10 бүлэгтэй, 40, 50 хуудастай. Цахилгааны хууль нь дор хаяж 10-20 бүлэг, 100-200 хуудастай. 

Зохицуулалтын хувьд тогтвортой учраас тэнд хүн хөрөнгө оруулна. Оролцогч талууд хүндрэл бэрхшээлтэй тулгарах асуудал нь бага байдаг юм байна. Хэрэглэгчийн эрх ашиг хангагддаг юм байна.

Тийм учраас дулаан, цахилгааны бие даасан хууль болгож салгах нь зүйтэй юм байна аа гэсэн шийдвэр гаргасан.

Одоогоор Дулааны эрчим хүчний тухай хууль гээд одоо жараад хуудастай хуулийн анхны төслийг боловсруулаад дууслаа.

Эрчим хүчний салбарын гол байгууллагуудын дал гаран хүмүүст хуулийнхаа үзэл баримтлалыг танилцуулаад, албан бичгээр хүргээд, оролцоог нь хангаж байна. Саналаа ирүүлбэл бид нар дахиад сайжруулна, дахиад хүргэнэ, дахиж сайжруулна гээд хэд хэдэн удаагийн давтамжтай ажил болно. 

Дараагийн ажил маань цахилгаан эрчим хүчний тухай хууль. Хуулийнхаа төслийг хараахан гаргаагүй байна. Урьдчилсан байдлаар 5 сарын сүүл хавиар төслөө гаргачихна аа гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Сая НИТХ-аар 50 мянган айлд цахилгаан халаагуур үнэгүй тараана гэсэн зүйл ярьлаа. Энэ бидний анхнаасаа мөрдөх ёстой чөлөөт зах зээлийн зарчим, таны зангидаж буй бодлоготой нийцэх үү?

-Нэгдүгээрт эмзэг бүлэг, хоёрдугаарт агаарын бохирдол үүсгээд байгаа бүсүүдээ тодорхойлчихсон юм байна лээ. Тэр бүсүүд дээр тодорхой хэмжээний арга хэмжээ авах нэн тэргүүний шаардлагатай байгаа учраас л олон жилийн хугацаанд, олон төрлийн аргууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд л яваад байгаа шүү дээ тэ.

Тэгэхээр тэрний нэг төрлийн арга хэмжээ л гэж бодож байна.

Яг энэ дээр бол бид жишээ нь хууль дээр “өө энийг байхгүй болгоно оо, ийм байх ёсгүй” гэсэн зохицуулалт оруулж ирэх боломжгүй л дээ.

Цахилгаан эрчим хүч талдаа бол аль болох л өрсөлдөөнт зах зээл рүү одоо оръё оо гэж байгаа. Төр монопол буюу хэрэглэгч, эрчим хүч үйлдвэрлэгч хоёрын дунд суучихаад байгаа.

Эх үүсвэр талдаа маш олон хөрөнгө оруулагчид “Би одоо хөрөнгө оруулалтаа хийе ээ, эх үүсвэр барья аа, нарны станц, салхин станц барья аа, дулааны станц барья аа” гэсэн маш их хүсэлтүүд ирдэг.

Гэтэл хууль эрх зүйн орчин бэлэн биш болохоор эрчим хүчний салбар чинь ингээд эдийн засгийг боомилчихсон салбар байгаа юм.

Энийг бид нар чөлөөт зах зээл рүү шилжүүлэх ёстой юм байна. Хэрэглэгчийн төлөө энэ эх үүсвэрүүд өрсөлдөх ёстой юм байна.

Тэгж байж өрсөлдөөний үр дүнд өнөөдөр тэр зах зээл дээр байж болох доод дүн тогтдог юм байна.

ОХУ гэхэд л үйлдвэрлэгч талаа буюу борлуулах талаа өрсөлдөөнд оруулчихсан. За Хятад улс бас яг адилхан. Тодорхой мужуудаа өрсөлдөөн рүү оруулах гээд явж байна. Эстони мөн адил.

Ингэхээр төрийн нуруун дээр байгаа ачаалал чинь хөнгөрчхөж байгаа юм.

Төр бол ерөөсөө эх үүсвэр, хэрэглэгч хоёроо хооронд нь уулзуулах, дамжуулах, түгээх сүлжээгээ бэлдээд л сууж байдаг. Ийм зах зээлийг либералчлах өөрчлөлтүүдийг цахилгааны хууль дээрээ тусгах гээд ажиллаж байна. 

- Нэгэнт эрчим хүч ярьсных бас хойд хөршийн хамаарлын асуудал яригдах байх. Бодлогын хувьд ер нь юу гэж харж байна? 

Би бол энэ дээр санал нийлдэггүй л дээ. Цахилгааны хувьд ОХУ-ын системтэй холбогдон ажиллаж байгаа. Системийн найдвартай ажиллагааг хангахын тулд систем холбох шугам их л олон байх хэрэгтэй.

Найдвартай ажиллагааг хангах арга байхгүй юу даа.

Дулаан хангамжийн хувьд бол хүссэн хүн хөрөнгөө оруулаад л тодорхой хэмжээний хэрэглэгчээ дулаанаар хангаад явдаг, тэнд нь төр оролцоод тарифыг чинь батална аа, юмыг чинь хянана аа гээд байхгүй зохицуулалтыг хуульчилж байгаа. Зах зээлийг чөлөөлж өгч байгаа гэсэн үг.

Ингэснээр тэр хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулаад, тодорхой хэмжээний дулаанаар хангагдаж чадахгүй байгаа районыг, хэсэг бүлэг хүмүүсийг дулаанаар нь хангаад явах боломжийг нь нээж өгч байгаа.

Жишээ нь Багахангайд ч юм уу, Улаанбаатараас нэлээн хол Төв аймагт ч юм уу нэг үйлдвэр барья гэж бодъё. Түүнийхээ дулаан, цахилгааныг нь хангах, өөртөө зориулсан эх үүсвэр бариад өөрийнхөө юмыг хангаж байгаа тохиолдолд бол тэнд төр оролцоод байх шаардлагагүй.

Гэтэл одоо манай хууль дээр 5мвт-аас дээшээ бол тусгай зөвшөөрлөө авах ёстой, ТЭЗҮ-ээ батлуулах ёстой, тэгэх ёстой, ингэх ёстой гээд бүх юман дээр нь төр оролцдог.  Энэ байдлыг л болиулах юм.

-Ярилцсан баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Уул нь зах зээлийн хуулиар явах нь зөв. Гэхдээ нэн эмзэг ҮАБтай холөоотой учир хуулиараа нэг орноос хамааралгүй байх хязгаарлалтуудаа заавал оруулж өгөх. Цаашлаад швэцарь шиг сүлжээний хамгаалалт хийх

Зочин

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe