Биеийн тамирын багш Г.Энхбаатар, түүний эхнэр хими, биологийн багш Н.Дугармаа нар 1984 оноос ном, сонин борлуулж эхэлжээ.
Тэднийг даган ном сонирхон борлуулагчид нэмэгдэж, зах зээлд эрэлт байгааг анзаарснаар орчин нөхцөлөө сайжруулан бизнес болгон өргөжүүлэхээр шийдсэн.
Ийнхүү 2003 оноос хойш газар ашиглах зөвшөөрөл хөөцөлдөн 2005 онд нийслэлд анх удаа 20 гаран сая төгрөгөөр сендвичин "Номын худалдааны төв"-ийг байгуулав.
Хуулийн дагуу татвараа төлж, дүүрэг, нийслэлийн захиргаанаас ажлын байр бий болгосон хэмээн сайшаал магтаалыг ч багагүй хүртсэн.
Тухайн үеийн дүүргийн засаг дарга, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Ц.Цогзолмаа энэ бүхний амьд гэрч болж, номын биенес эрхлэгчдээс нийгмийн хариуцлагын хүрээнд өнчин хүүхэд, асрах газарт хандив тусламж өгүүлэх зэргээр хамтран ажиллаж ирсэн талаар Г.Энхбаатар гуай дурсан хуучилсан юм.
Гэтэл хууль ёсны зөвшөөрөлтэй бизнес эрхэлж байсан газарт нь 2013 онд нийслэлээс авто зам тавих шаардлагатай хэмээн үзэж, Номын худалдааны төвийг буулгасан. Ийнхүү нөхөн төлбөр олгоогүйн дээр өөр газар бизнесээ эрхлэх зөвшөөрөл хүссэн ч олгоогүй.
Энэ тухай МН Партнерс хуулийн фермийн үүсгэн байгуулагч, Өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ газраа чөлөөлөхийг шаардсан тухайн үеийн Сүхбаатар дүүргийн өмч харилцааны албанаас хүргүүлсэн албан бичиг хуулийг буруу хэрэглэсэн, дээр нь НИТХ-аас нөхөн төлбөр олгоогүй зэрэг хууль зөрчсөн асуудал байна хэмээн тайлбарлалаа.
Үүгээр зогсохгүй Г.Энхбаатар, Н.Дугармаа нар хоёр дахь удаагаа биенесээ дээрэмдүүлж, 10 орчим сая төгрөгөөр үнэлэх, өөрийн босгосон Smart Card цэнэглэдэг, мөн ном худалдаалдаг түцээ хураалгаад байна.
Ийнхүү төрийн байгууллагын дээрэнгүй, буруу үйл ажиллагаас үүдэн хэдэнтээ эрхээ зөрчүүлж, өмчөө хураалгасан иргэн одоог хүртэл шударга ёс шаардаж 12 жилийн өмнөх асуудалдаа цэг тавихаар НЗДТ, НЗАА-ны үүдийн сахисаар суугаа.
Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард асуудлаа шийдүүлэхийг хүссэн өргөдөл өгөхөд одоог хүртэл шийдээгүй, холбогдох албан тушаалтан нь тодорхой мэдээлэлгүй өгсөнгүй.
Сэтгэгдэл үлдээх