БНСУ-ын COEX үзэсгэлэнгийн төвд гал гарч, 12 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

.Graph
2025-04-25

Өнөөдөр буюу 4-р сарын 25-ны 11:06 цагийн орчимд БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах COEX үзэсгэлэнгийн төвд гал гарчээ. Гал COEX төвийн дотор байрлах ресторанд гарсан байна.

Галын улмаас үзэсгэлэнгийн төв дотор болон гадна талд хар утаа тархаж, 12 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.

Гал гарах үеэр тус төвд 2025 оны Дэлхийн IT үзэсгэлэн гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулагдаж байсан тул хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Гал унтраах албанаас 33 автомашин, 121 алба хаагчийг дайчлан, гал гарснаас хойш 36 минутын дараа буюу 11:42 цагт галыг намжааж, 13:14 цагт бүрэн унтраасан байна.

Одоогийн байдлаар хүний амь нас хохироогүй бөгөөд зарим хүмүүс утаанд хордож, ойролцоох эмнэлгүүдэд хүргэгдсэн тухай мэдээлж байна.

Галын шалтгааныг одоогоор тодорхойлоогүй бөгөөд холбогдох байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe