Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг үзэл баримтлалын хүрээнд дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлсэн.
Ингэхдээ үзэл баримтлалын хувьд болон хуулийн төслийн хувьд засах тусдаа ажлын хэсэг байгуулж, хэвлэл мэдээллийн салбарынхны саналыг тусгана гэсэн болзол тавьсан юм.
Дээрх ажлын хэсгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байгуулж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж, сэтгүүлчдээс бүрдсэн дэд ажлын хэсэгтэй байна хэмээн тохирсон байна.
Ч.Лодойсамбуу “Бидний дутагдал бол болохгүй байна гэдэг. Яамаар байгаа юм гэхээр хэлдэггүй. Одоо бидний нуруун дээр ирсэн гэсэн үг. Яавал чөлөөтэй ажиллах юм, яавал мэдээллийг хүнд сурталгүй олж авах юм, яавал мэдээлэл олж аваад, дэлгэсэн биш шоронд ороод байхгүй байх юм гэдэг саналуудаа тусгах хэрэгтэй.
Би бол хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах л хууль болгох хүсэлтэй байгаа.
Энэ эрхийг эдлэхийн тулд ийм хариуцлага хүлээнэ гэхээсээ илүүтэй эрхийг нь нээлттэй орхиж байж сэтгүүл зүй бүрэн утгаараа ажилладаг.
Зарим сэтгүүлч тусгай мэргэжил тул тусгай эрх эдлэх ёстой гээд байгаа. Ингэх юм бол тэр хэрээрээ л хариуцлага үүрнэ гэдгийг ойлгуулах шаардлагатай байна гэв.
Хуулийн төсөл боловсруулсан Хууль зүйн сайд О.Алтангэрэл зарим хэсгээ өөрчлөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Ч.Лодойсамбуу гишүүний хувьд тэдгээрээс санал нийлэхгүй зүйл багагүй байгааг илэрхийллээ.
Мөн түүний хувьд төслийн 70-80 хувийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх