Өмнөговь аймагт хоолны хордлогод өртсөн 2320 хүнээс 306 нь ХӨСҮТ-д хүргэгджээ

Ж.Номин
2025-04-25

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн баазуудаас хоолны хордлогын халдвар бүртгэгдэж эхэлсэн. 

Тодруулбал, ХӨСҮТ-д 2025 оны гуравдугаар сарын 17-ноос хоолны хордлогот халдварын талаарх мэдээлэл ирсэн бөгөөд мэргэжлийн багаа томилон шинжилгээ авч буй. 

Ийнхүү 3 сарын 17-нд 548, 4-р сарын 13-нд 970, 4-р сарын 6-нд 802 буюу нийт 2320 хүн хоолны хордлогот халдварт өртсөн.

Дээрх хүмүүсийн 15-33 хувьд нь халдварын шинж тэмдэг илэрчээ. Мөн халдварт өртсөн хүмүүсийн 74 хувьд шинжилгээ хийхэд 46 хувь нь халдвар авсан нь батлагдсан байна. Мөн 29 тохиолдолд сальмонеллын нян илэрчээ.  3-р сарын 17-ны дэгдэлтээс 70, 4-р сарын 6-ныхд 119, 4-р сарын 13-ны дэгдэлтээс 117 буюу 306 хүн ХӨСҮТ-д ирж, хэвтэн эмчлүүлсэн бөгөөд ихэнх нь 20-30 насныхан байжээ. Хүндэрсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн. 

Ташрамд, Хэнтий аймгийн Норовлин суманд 128 хүнийг хамарсан хоолны хордлого 2025 оны дөрөвдүгээр сарын 19-нд бүртгэгдсэн байна. Голомтод тандалт судалгаа хийж, 59 хүнд шинж тэмдэг илэрснээс найман хүнийг хүндэвтэр гэж үзэн сумын эмнэлэгт эмчилж байгаа аж.

Иймд аж ахуйн нэгж байгууллагууд гал тогоо болон угаалын өрөө, агуулах зэргийг батлагдсан хуваарийн дагуу тогтмол ариутгах, гал тогооны ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, хоол үйлдвэрлэлд оролцож буй бүх хүнийг гар угаах нөхцөлөөр хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe