Сэтгүүлчид Д.Амарбаясгалантай тохиролцов

Ц.Чимэдцэеэ
2025-04-25

УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг үзэл баримтлалын хүрээнд  67.7 хувийн саналаар дэмжив.

Ийнхүү анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодол шилжүүллээ.

Тус хуулийн төсөл нь боловсруулах шат болон, чуулганаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх үед багагүй маргаан дагуулж, хэвлэл мэдээллийнхний оролцоог хангаагүй боловсруулсан хэмээн шүүмжлэл хүртээд байсан.

Энэ тухай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн хуралдаанаар ийнхүү хэлэв.

"Тус төсөлд үзэл баримтлалын болоод хуулийн төслийн хүрээнд засаж сайжруулах зүйл олон байгаа. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөөлөл, МСНЭ өчигдөр мэдэгдэл гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог хангаж, өргөн хүрээнд хэлэлцэхийг шаардсан. 

Өнөө өглөө 8.30 цагаас Хүний эрхийн дэд хорооны дарга Эрдэнэболд, Хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн дарга Ч.Лодойсамбуугийн хамтаар 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Уулзалтаар УИХ-ын түвшинд энэ хуулийн төслийг дэмжээд явъя. Ажлын хэсэг байгуулж, бүх талын оролцоог хангаж, өргөн хүрээнд хэлэлцэнэ. Тус ажлын хэсэг сайн ажиллавал хуулийн төслийг үргэлжлүүлнэ. Харин үр дүнд хүрч чадахгүй бол анхны хэлэлцүүлгээс татъя хэмээн тохирсон" хэмээв.

Ийнхүү үзэл баримтлалын хувьд дэмжихийг УИХ-ын гишүүдэд уриалж, дэмжүүллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe