Жил хүрэхгүй хугацааны өмнө Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, гурилын импортын татвар 5 хувь байснаас тэглэсэн.
Улмаар өнөөдрийн нөхцөлд татвар тэглэсэнтэй холбоотой үнэ буураагүй ч дотоодын үйлдвэрлэл 40 хувиар буурсан үр дүн гарсан талаар ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
Улмаар дээрх хуулийг хүчингүй болгох саналыг Засгийн газраас гаргаж, хэлэлцэх эсэхийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байна.
Уг хуулийг батлуулахад одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан толгойлон оролцсоноос гадна нэр дэвшиж буй баруун аймагтаа сонгуулийн оноо авсан нь нууц биш. Тэгвэл тэр өнөөдөр тус хуулиа цээжээрээ хамгаалж, даргын индрээ ашиглан өөрөө хэд хэдэн тайлбар хэлээд амжив.
Тухайлбал “Гурил татвартай орж ирдэг байхад дотоодын үйлдвэрүүд 33 хувийн чадлаар ажиллаж байсан. Татвар тэглэснээс хойш 25 хувийн чадлаар ажилласан. Ийм байхад татвар тэглэснээс болоод дотоодын үйлдвэр унах гээд байна гэж ярьж болохгүй” хэмээж байв.
Үүгээр зогсохгүй ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаар мөн ОХУ-аас орж ирж буй гурилын чанар, дотоодын үйлдвэрлэгчдэд олгосон зээл тусламжийн талаар тайлбар хэлүүллээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын даргыг өмөөрсөн гишүүдийн байр суурийг танилцуулъя.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: ХАБҮЛ-ын шинжилгээнд ирсэн дотоодын улаан буудайны 70 хувь, гадаадын улаан буудайны 9.5 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна. Дотоодын үйлвэрлэлээ дэмжээд байдаг, нөгөөдүүл чинь чанартай гурил үйлдвэрлэхгүй байгаа тохиолдолд яах юм бэ? Эсрэгээрээ гадаадаас орж ирж байгаа гурил өөрөө чанарын шаардлага хангаад байна гэсэн судалгааны дүгнэлт байна. Гурилын хувьд шаардлага хангаагүй дээжийн 80 хувь нь дотоод, 20 хувь нь гадаад байна гэсэн шинжилгээний дүгнэлт гарсан. Дотоодын гурилын үйлдвэрүүд монопол болж байна. Дотоодын үйлдвэрүүд цөөрсөн нь татвар тэглэхтэй ямар ч холбоогүй. 2014 онд 37 байсан ААН-ийн тоо тогтмол буурсаар одоо 11 ААН үлдээд байна.
Түүний хариуд салбарын сайд Ж.Энхбаяр “Хэн, ямар зорилгоор ийм судалгаа гаргаад байгааг би мэдэхгүй. Тэр судалгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэ бол зах зээлийн зарчмаар тогтоно” гэсэн юм.
Ц.Идэрбат: Гурилын үнэ өссөнөөр барааны үнэ нэмэгдэж байгаатай холбоотой энэ хуулийг баталж байсан. Өнгөрсөн онд “Дорнод гурил” ХХК хүчин чадлаа 25 хувиар нэмэгдүүлсэн гэж байсан. Тэгэхээр яамныхан худлаа ярьж байна. Одоо хуулиа цуцлаад, гурилын импортын татвартай боллоо гэхэд хэдэн жилийн дараа дахиад дотоодын гурил үйлдвэрлэгчдийн монополыг яах вэ гээд сууж байх юм биш үү? Жил хүрэхгүй өөр юм ярьдаг байж болохгүй.
Б.Баярбаатар: Үнийг зах зээл шийднэ, бусдыг нь бид мэднэ гэсэн байр сууринаас хандаж байгаа юм байна. Гурилын салбарт шууд төрөөс өгч байгаа дэмжлэг, дээр нь нэмээд зах зээлийн систем, хамгаалалт гэсэн гурван зүйл нэмэхээр иргэдийн нуруун дээр л ачаа ирнэ л дээ. Гурилын үнэ өснө л дөө. Салбарын сайд та монопол дотоодын үйлдвэрлэгчдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла.
Ц.Сандаг-Очир: Монголын ард түмнийг л хямд гурилаар хангах бодлого шүү дээ. Жилийн өмнө баталсан хуулийг өнөөдөр хүчингүй болгохыг дэмжихгүй. Цаана нь монополын бодлого л яригддаг шүү дээ.
Чуулган үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх