Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулиас онцлох заалтууд

.Graph
2025-04-23

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, 12 гишүүний 75 хувь нь дэмжлээ. Тэгвэл хуулийн төслөөс онцлох заалтуудыг хүргэж байна. 

Жагсаалыг хэн ч зохион байгуулж болно

Одоогийн хуульд жагсаал, цуглааныг улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй гэж заасан байдаг юм байна. Тэгвэл үүнийг өөрчилж, Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага санаачлах, зохион байгуулах, оролцох эрхтэй байхаар өргөжүүлж байгаа юм байна.

Жагсахдаа зөвшөөрөл авдгийг болиулна

Бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, зөвхөн авто замын зорчих хэсэгт зохион байгуулах бол урьдчилан мэдэгдэж, хариу авсны үндсэн дээр, хуулиар хориглосноос бусад газар зөвхөн мэдэгдэл хүргүүлснээр зохион байгуулдаг болно.

Жагсаал хийхдээ 48 цагийн өмнө мэдэгдэнэ

Аливаа жагсаал, цуглааныг зохион байгуулахдаа 48 цагаас доошгүй хугацааны өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр, эсхүл цахимаар

  • жагсаал, цуглааны зорилго;
  • эхлэх, дуусах хугацаа;
  • оролцогчдын тоо;
  • хэрэглэх эд зүйл;
  • цуглах, жагсан явах гудамж, чиглэл, байршил;
  • зохион байгуулагчийн нэр, хаяг, харилцах утасны дугаар бүхий мэдэгдлийг хүргүүлнэ.

Хариу өгсөн эсэхээс үл шалтгаалан жагсаал, цуглаанаа хийх эрхтэй. Жагсаал, цуглааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн этгээдийг зохион байгуулагч гэж тооцно. 

Жагсаалыг албадан тарааж болно, гэхдээ...

Мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тодруулбал, мэдэгдэл хүлээн авах этгээд нь цагдаагийн байгууллага байх бол албадан тараах эрх бүхий этгээдээр цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэр гаргадаг болгох нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

Жагсаал цуглааныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр албадан тараах, ингэхдээ тус ажиллагааг баримтжуулах, урьдчилан сануулах, оролцогчдын хувийн байдалд тохирсон арга хэмжээ авах, аль болох хамгийн бага хүч хэрэглэх аргыг сонгох, тус ажиллагааг хэрэгжүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл өгдөг болно.

Жагсаалын зорилго дараах байдлаар өөрчлөгдвөл албадан тараана

Аливаа жагсаал, цуглааны зорилго нь явцдаа өөрчлөгдөөд дайныг сурталчлах, салан тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах; үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох тохиолдолд албадан тараана.

Хууль бус жагсаал хийж болохгүй

“Хууль бус жагсаал, цуглаан” гэж энэ хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж зохион байгуулагдаж байгаа, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц, хүч хэрэглэсэн байдлаар зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг ойлгоно хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, хориглосон газар, хориглосон цаг хугацаа, хориглосон агуулгаар жагсаал, цуглаан хийсэн тохиолдолд албадан тараахтай холбоотой зохицуулалт хэрэгжихээр төсөлд тусгажээ.

Жагсаалын үед хохирвол

Жагсаал, цуглааны явцад хохирсон иргэн, алба хаагчийн асуудлыг холбогдох хуулиараа буюу амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, бусдад энэ төрлийн хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ.

Жагсаж, цуглах эрхийг хориглосон ямар ч журам байх ёсгүй

Нийтийн хэв журмыг хангах, үндэсний аюулгүй байдал, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах шаардлагаар зөвхөн хуулиар хориглолт, хязгаарлалтыг тавихыг зөвшөөрөх юм байна. Жагсаал, цуглаан хийх эрхийг хориглосон, хязгаарласан захиргааны акт баталж, мөрдүүлэхийг хориглохоор төсөлд тусгажээ.

Түүнчлэн шөнийн цагаар жагсаж болохгүй. 

Дараах заалтуудыг хуульд хэвээр үлдээнэ. 

  • Онц байдал, дайны байдал зарласан, гамшиг осол тохиолдсон хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглоно.
  • Энэ хууль болон бусад хуулиар хориглох тодорхой байршлууд, зохион байгуулагч болон оролцогчийн үүрэг, мэдэгдэл хүргүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль үйлчилнэ.

Хууль батлагдсанаар цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулахдаа хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, хууль ёсны тайван жагсаал, цуглаанд жагсагч болон цагдаа хамтран ажиллах, хоорондоо идэвхтэй харилцаатай байх, мэдээлэл солилцох, зөвлөн туслах нөхцөл бүрдэнэ гэж хуулийн төслийн санаачлагчид үзэж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe