Ж.Отгонжаргал: Монголын анхны ТҮЦ-ний гэрлийг ах минь асаасан бол би сүүлийн гэрлийг унтраах нь

.Graph
2025-04-23

Б.БАЯРЖАВХЛАН

Монголын анхны ТҮЦ-ний гэрлийг ах минь асааж байсан бол би хамгийн сүүлийн гэрлийг унтраах нь гэж хэлэх энэ эмэгтэйг Ж.Отгонжаргал гэдэг. Тэрээр бидний сайн мэдэх 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулаад 10 жил болжээ.

Гэвч сүүлийн хэд хоног айдас дунд амьдарч байна.

Учир нь хотын даргын захирамжийн дагуу ТҮЦ-үүдийг буулгах шийдвэр гарч, албадан чөлөөлж байгаа. Тиймээс сүүлийн хэд хоног гэртээ ч харилгүй ТҮЦ-ээ манаж хонож байгаагаа учирлаж байлаа. Энэ тухайгаа “64 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээрх манай энэ ТҮЦ бол Монголын анхны ТҮЦ-үүдийн нэг.

Учир нь миний ах Ж.Бишбал 1999 онд Улаанбаатар хотод түргэн үйлчилгээний цэг шинэ үйлчилгээг нэвтрүүлж байсан.

Ингэхдээ газрын зөвшөөрөл, тог, хогны мөнгө, техникийн нөхцөл, хорооны Засаг даргын зөвшөөрөл, Нийслэлийн газрын албаны бичигтэйгээр нээж байсан. Энэ цаг мөчөөс хойш ах минь энэ ТҮЦ-ийг ажиллуулж түүний дараа бэр эгчийн минь дүү ажиллуулж байгаад 2015 оноос би авсан юм. Бид татвараа төлж, стандарт, дүрэм, журмаа баримтлан үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Жишээлбэл, Хотын дарга Э.Бат-Үүл байхад ТҮЦ-ний стандартыг баталж, модон болгох шийдвэр гарч байсан. Энэ үед бид ТҮЦ-ээ модон болгож байсан.

Сүүлд Umoney үйлчилгээ нэвтэрч төмөр болгоход мөн л 9.2 саяар шинэчлэл хийсэн" хэмээв.

Ж.Отгонжаргал өрхийн орлогынхоо 90 хувийг ТҮЦ-ээсээ олдог байна. Түүний ажил өглөөний 07:00 цагт эхэлж оройны 22:00 цагт дуусдаг. Өөрөөр хэлбэл, өдөрт 13 цаг ажиллаж байж 150-200 мянган төгрөгийн орлого олдог гэнэ. Гэвч хотын даргын дээрх шийдвэрээс болж хоногийн хоолноосоо салахад хүрээд байгаагаа хэлж байлаа.

Энэ тухайгаа “Манайх ам бүл зургуулаа. Өрхийн орлогын 90 хувийг ТҮЦ-ээсээ олдог. Өчигдөр манай ТҮЦ-ийг нүүлгэнэ гээд Umoney-ийн карт цэнэглэдэг төхөөрөмж болон бусад зүйлсийг маань хураасан. Хэзээ ачих бол гэсэн айдастай өдөр хоногийг өнгөрөөж байна. Хотын даргын зүгээс “Нарантуул болон Хархорин зах дээр лангуу түрээсэлж өгье” гэсэн мэдээлэл өгсөн байна лээ.

Энэ дагуу бид дүүрэг болон Нийслэл дээр очиж хариуцсан мэргэжилтэнтэй нь уулзахад “Шийдвэр нь албажаагүй байгаа” гэсэн хариултыг өгсөн.

Хэлсэн үг, хийж байгаа үйлдэл нь ийм л зөрүүтэй байна. Үнэхээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна. Уг нь бид стандартыг нь батлаад өгвөл тэр дагуу нь үйл ажиллагаагаа эрхлээд явах бүрэн боломжтой. Татвар, газрын мөнгө зэрэг төлөх ёстой зүйлсээ ч төлөөд явъя гэдэг. Гэвч бидэнд ямар ч боломж олгохгүй байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23.  ЛХАГВА ГАРАГ. № 75 (7572)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe