Ц.Туваан, Б.Батцэцэг нарын заавал биелүүлэх ГУРВАН ХҮНД ДААЛГАВАР

.Graph
2025-04-22

Одоогийн ерөнхийлөгч, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 онд шавийг нь тавьж байсан Газрын тос боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орох байсан ч хугацаа нь хойшилсон. Гэхдээ хэзээ нэгэн цагт ашиглалтад орсон ч тэр үйлдвэр үйлдвэрлэх онгоцны түлшийг монголчууд бид ашиглаж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Түүнчлэн Япончуудын дэмжлэгтэй барьсан ганц нисэх буудлаа ч алдах эрсдэлтэй байна. Учир нь Оросуудад Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглах эрхийг, онгоцны түлш нийлүүлэх эрхтэй хамтад нь бэлэглэх гэж байгаа бололтой. 

“Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” гэх 5 хуудас, 12 зүйлтэй баримт бичгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Чуулганы хуралдаанаас гадна УИХ-ын байнгын хороод, намын бүлгүүдээр хэлэлцүүлэн, гишүүдийн болон иргэдийн дунд багагүй эсэргүүцэл дагуулаад буй тул хэлэлцээрийн зарим заалтууд дээр дахин санал солилцохоор ОХУ-ын талд  хүсэлт тавиад байгаа аж. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг хэлэлцээрийг зөвтгөн тайлбарлахдаа “Ковид, дайн зэрэг гэнэтийн нөхцөл байдалд манай улсын шатахуун тасалддаг тул бидний зүгээс ОХУ-д “манай улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой, тасралтгүй хангаж өгөх” хүсэлт тавьж ирсэн. ОХУ-ын зүгээс “Онгоцны түлшийг дундаас нь зуучилдаг компаниуд өндөр үнээр зарж, Монгол Улсын нислэгийн тийзийн үнэ өндөр байгаа тул шууд нийлүүлье” гэх санал тавьсан. Тиймээс хоёр талаасаа хамтарсан компани байгуулаад, ОХУ-аас манай улсад онгоцны түлш тасралтгүй, тогтвортой нийлүүлэхээр уг хэлэлцээрийг байгуулахаар тохирсон” хэмээж буй.

Гэхдээ газрын тосны үйлдвэр барьж байж бүхэл бүтэн 20 жилээр нь гэрээ байгуулж, Чингис хаан нисэх буудлынхаа удирдлагыг өгөх хэрэг байгаа гэж үү?

Нийтэд ил болсон хэлэлцээрийн төсөл дэндүү учир дутагдалтай. Хамтарсан компанийг хэд хэдэн хувиар эзэмших, хэр хэмжээний шатахуун нийлүүлэх, газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход дотоодоосоо шатахуунаа нийлүүлж болох эсэх гээд дэндүү олон асуулт үлджээ. Нэг ёсондоо манай тал өөрсдөдөө дэндүү хайнга, хайргүй хандаж, ОХУ-ын талд хамаг эрх ашгийг өгөхөөр хэлэлцээрийн төсөл боловсруулжээ. 

Хэлэлцээрийн төсөлд дурдагдаагүй ч хэвлэл мэдээллийн байгууллагуудаар хамтарсан компанийг 40:60 хувиар байгуулж, 20 жилийн турш онгоцны шатахууны 75 хувийг ханган, гуравдагч орны онгоцыг “цэргийн зориулалттай” гэдэг шалтгаанаар шатахуунаар хангахгүй байх нөхцөлийг хэлэлцээрт тусгасан гэх мэдээллүүд хөвөрч буй.

Бид онгоцны түлшээ 100 хувь ОХУ-аас авдаг. Автомашины бензиний 90 гаруй хувь нь мөн л ОХУ-аас ирдэг. Гэтэл Оросууд дахин 20 жилээр нь онгоцны түлш нийлүүлж, цэнэглэх, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын дэд бүтцийг ашиглах, удирдах эрхийг авбал гуравдагч хөрштэйгөө харилцдаг ганц гарцаа алдах эрсдэл үүсэх юм.

Манай улс далайд гарцгүй орон. Агаарын хил, төмөр замын хил, авто замын хилтэй. Төмөр зам, авто замын хилээрээ зөвхөн хоёр хөрш рүүгээ л гардаг манай улсын төмөр замын хилд Оросууд эзэн суусан. Тодруулбал, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 50 хувийг манай улс, 50 хувийг Оросын РЖД компани эзэмшдэг. Уг нь хувь эзэмшил нь адилхан боловч хамтарсан компани гэдэг утгаараа оросууд зөвшөөрөхгүй л бол монголын талынхан дорвитой шийдвэр гаргаж чаддаггүй, олигтой шинэчлэл хийе гэхээр оросын тал зөвшөөрсөнгүй гэх асуудал гардаг нь нууц биш. Ийнхүү гуравдагч хөрштэйгөө хил нэвтрэлцдэг ганц агаарын хилээ дахиад Оросын талд алдчихвал бараг л колони улс болсноос ялгаагүй бус уу. 

“Түлш тасралтгүй нийлүүлж байвал сайн л биз. Юундаа эсэргүүцээд байгаа юм” гэх хүмүүст учрыг нь тайлбарлаад өгье. Тус хэлэлцээрийн төсөлд хэд хэдэн ноцтой, манай талд ашиггүй заалт бий. Тухайлбал, 

  • Хоёр талаас эрх бүхий байгууллагуудаараа дамжуулан хамтарсан компани байгуулж, Чингис хаан нисэх онгоцны буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах эрхийг хэрэгжүүлнэ.
  • Аливаа маргаан гарсан тохиолдолд ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлнэ.
  • Хэлэлцээр 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэхчлэн. 

Өчигдөр болсон УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанаар Засгийн газар хоорондын хэлэлцээр хэт нэг талыг барьсан, Орост л ашигтай байна гэх шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл энэ асуудлыг хар толгойгоороо хариуцаж буй Ц.Туваан сайд болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар гишүүдийн эсэргүүцээд буй энэхүү хэлэлцээрийн зарим заалтыг Монголын талд ашигтай болгох даалгаврыг биелүүлэх ёстой боллоо. Тодруулбал, 

  • Тус хэлэлцээр 20 жилийн хугацаатай хүчин төгөлдөр байна гэх заалтыг эргэж харах. Учир нь, газрын тос боловсруулах үйлдвэр 2027, 2028 он гэхэд ашиглалтад орохоор байгаа. Тиймээс үйлдвэрийн ашиглалтад орж, үйлдвэр жигдрэх үед онгоцны түлшээ дотоодоосоо нийлүүлэх үед энэ хэлэлцээр яах вэ гэдэг асуудал яригдана. 
  • Чингис хаан нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглахад Хамтарсан компани байгуулна гэх заалтыг тодорхой болгох. Энэ заалт нь хамтарсан компани нь зөвхөн онгоцны түлш нийлүүлэхгүй, удирдах, ашиглах эрхтэй юм биш үү гэх хардлагыг дагуулж байна. 
  • Маргааныг зөвхөн ОХУ-ын олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гэхгүйгээр Монгол Улсын арбитрын шүүхээр ч мөн шийдвэрлэнэ гэж оруулах дөрвөн хүнд даалгаврыг аваад байна. 

Эдгээр заалт дээр тохиролцож чадахгүй бол УИХ-ын гишүүд хэлэлцээрийг хүлээж авахгүй байх магадлал өндөр. Тиймээс энэ гурван заалтыг Монголд ашигтай болгох даалгаврыг Ц.Туваан, Б.Батцэцэг нар хүлээж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe