Уран эсэргүүцэгчид өчигдөр Бадрах Энержи ХХК-ийн байранд болсон уулзалтын үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсан билээ.
Тодруулбал, уулзалтын үеэр уран эсэргүүцэгчид худгийн ус хортой болсон, мал амьтан үхэж байна зэргээр асуудлаа тавьсан ч нөхцөл байдал улам хүндэрсэн. Ингээд Бадрах Энержи ХХК-ийн захирал Марк Мелеард уулзалтаас гарах гэтэл уран эсэргүүцэгч нэгэн эмэгтэй чамайг алчихмаар байна хэмээн түүнийг заамдаж, нүүр лүү нь цохижээ. Түүнчлэн чи өчнөөн хүнийг алж байна шүү дээ, зайл хэмээн дахин дайрч, заамдаж, хоолойг нь боож, нүүр лүү нь самардаж, цамцыг нь урсан.
Ийнхүү түүнийг уулзалтын өрөөнөөс гаргахгүй шахаж, янз бүрээр харааж байгаа нь нэгүүн.мн сайтын шууд дамжуулалтын бичлэгт үлдсэн байдаг.
Тэгвэл уг асуудлаар Ubn.mn сайт ЦЕГ-аас тодруулжээ.
Энэ үеэр ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг "Бадрах Энержи ХХК-ийн байранд зодоон болоод байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад урантай холбоотой асуудлаар иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын биед халдсан нь тогтоогдсон. ЦЕГ-аас тухайн иргэний биед хохирол учирсан эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хандсан. Үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрхээ эдлэхдээ бусдын эрх чөлөөг ч хүндэтгэх үүрэгтэй. Харин шууд хүний биед халдаж байгаа нь зөрчлийн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Хүний биед халдаж, гэмтэл учруулах нь Эрүүгийн хуулиар, гэмтэл тогтоогдохгүй бол Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулна. Шинжээчийн дүгнэлт гараагүй. Гарсны дараа гэмт хэрэг зүйлчлэх асуудал яригдана" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх