УИХ-ын 20 гишүүн нийлж, “Гэр хороолол, орон нутгийг дэмжих бүлэг” байгуулжээ

.Graph
2025-04-21

Нийслэл болон аймгийн төвүүдийн хамгийн удаан хугацааны туршид байсан “суурьшлын түүхэн төв” бол гэр хороолол юм. Иймд гэр хороолол руу хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Энэ санаан дээр нэгдсэн УИХ-ын 20 гишүүн “Гэр хороолол, орон нутгийг дэмжих бүлэг” байгуулж, өнгөрөгч Пүрэв гарагт анхдугаар уулзалтаа хийжээ.

2040 он гэхэд нийслэлд 500 мянган өрх байхаас 50 мянга нь л “амины сууцны” хороололд амьдарна. Гэр хорооллын алслагдсан бүсийн оршин суугчдыг нүүлгэн нийтийн орон сууцанд оруулж, чөлөөлсөн талбайг нь цэцэрлэгт хүрээлэн болгохоор “Улаанбаатар 2040 ерөнхий төлөвлөгөө”-нд тусгажээ.

Энэ зорилт нь хэр бодитой, санхүүгийн эх үүсвэр, дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтийн хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн тайлбар хийсэн аж. Мөн уулзалтаар Монгол ахуйн онцлог, түүхэн уламжлал нь гэр суурьшлын бүсэд хэрхэн тогтсон байдаг, тэдгээрийг хот төлөвлөлттэй хэрхэн уялдуулах талаар Улаанбаатар хотын түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр танилцуулга хийсэн байна.

Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Р.Батболд, Ж.Галбадрах, Д.Ганмаа, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Б.Уянга, Г.Уянгахишиг, Д.Энхтуяа нар оролцож, бүлгийн зохицуулагчаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг батламжлав. Цаашид гишүүд тогтмол мэдээлэл солилцож, гэр суурьшлын бүсийг дэмжих байр сууринаас хуулийн төсөл, төсөв дээр санал нийлэх хүрээндээ хамтарч ажиллах юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe