Хэвлэл мэдээллийн шинэ хамтрал “Анализ шоу - Засаглал ба Зах зээл” нэвтрүүлгийн тусгай дугаарт “Татварын багц хуулийн шинэчлэл, нийгмийн даатгалын реформ” сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн.
Тус хэлэлцүүлэгт Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал, “Ceo Club”-ийн ерөнхийлөгч Б.Гантулга, СЭЗИС-ийн НББТ-ийн ахлах багш Ч.Өнөржаргал, Graph.mn сайтын тоймч, сэтгүүлч Г.Энэбиш, iToim.mn сайтын Ерөнхий редактор Э.Мөнхцэцэг, Lemon press-ийн гүйцэтгэх редактор С.Ангирмаа нар оролцжээ.
Энэ үеэр “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга НӨАТ-ын тухай үйлдвэрлэл эрхлэгчийнхээ зүгээс байр сууриа илэрхийлсэн юм.
“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:
-Хөдөө аж ахуйгаас бэлтгээж байгаа малын гаралтай бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлдөг. Үүнээс болж олон жилийн хугацаанд үйлдвэр дарамт авсаар ирсэн. Учир нь, бид малчдаас очоод сүүг нь авахад малчид мэдээж НӨАТ бичиж өгөхгүй. Харин бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд дэлгүүртээ өгөхөд дэлгүүр нь биднээс НӨАТ нэхдэг. Бид НӨАТ-аа гаргаад өгөхөд НӨАТ-ын өрөнд үйлдвэр орчихдог. Энэ нь компанийн ашигт ажиллагаа, өрсөлдөх чадварт нөлөөлдөг. Гэтэл хуурай сүү импортолж оруулж ирдэг компаниудад хамаагүй давуу байдал үүсэж, хөдөө аж ахуйгаас сүү бэлтгэж үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг.
2018 онд хуулийг өөрчилж байсан. Нэгэнт ХАА-аас сүү бэлтгэж байгаа үйлдвэрүүдийг НӨАТ-аас чөлөөлж байгаа бол бүтэн шугамаар нь чөлөөлөөд, хэрэглэгчдэд НӨАТ шингээгүй бүтээгдэхүүн очих ёстой гэж үзээд үйлдвэр, дэлгүүрүүдийг чөлөөлөхөөр ярьж байсан. Тухайн үед дэлгүүрийг чөлөөлөхгүй, үйлдвэрүүдийг чөлөөлж дэмжинэ гээд, дэлгүүрүүдийг хасчихсан. Гэтэл өнөөдөр НӨАТ-ын дарамт нь дэлгүүрүүдэд ирчихсэн.
Өөрөөр хэлбэл, дэлгүүрүүд үйлдвэрийн бүтээгдэхүүн дээр 10 хувь нэмж зарахад болох байтал НӨАТ-ын дарамтаас гарахын тулд 20-25 хувь нэмж зардаг болсон.
Энэ нөхцөл байдал сүүний салбар дээр маш их мэдрэгддэг. Нэг талаасаа бүгд НӨАТ төлөх нь зөв. НӨАТ бол эцсийн хэрэглэгч төлж буй татвар. Нөгөө талаасаа НӨАТ-аас чөлөөлөх босго хэмжээ нэг л байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг олгосноор бид орлогоо бүртгэж чадна. 10 хувийг нь буцаагаад иргэдэд өгчихдөг болбол иргэд аль болох гэртээ ойрхон, тав тухтай, нэмээд улсдаа татвар төлдөг байгууллагуудаар үйлчлэх сонирхолтой болно.
Эргээд НӨАТ-ын босгыг нэмэгдүүлье гээд байгаа ААН-үүдэд давуу байдал үүсэхгүй. Яагаад НӨАТ-ын босгыг нэмэгдүүлье гээд байна вэ гэвэл аль болох л татвар төлөхгүй байх сонирхолтой байгаагийнх.
Тэр давуу байдал хэрэглэгчдэд очвол НӨАТ төлдөггүй байгууллагууд НӨАТ төлөгч болох сонирхол нь нэмэгдэнэ. Одоогийн хуулийн төсөл батлагдчихаасай гэж бодож байна гэв.
Сэтгэгдэл үлдээх