Ч.Өнөржаргал: Хуулийн төслөөр ХХОАТ-ын ачааллыг улам нэмэхээр байгааг анхаарах хэрэгтэй

.Graph
2025-04-18

Анализ шоуны ээлжит дугаараар нийгэмд өндөр хүлээлт үүсгээд буй татвар, нийгмийн даатгалын реформуудын талаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Бүтэн дугаарыг ЭНД дарж үзнэ үү. 

Энэ үеэр СЭЗИС-ийн НББТ-ийн ахлах багш Ч.Өнөржаргал Татварын багц хуулийн төсөлд тусгагдсан Хувь хүний орлогын албан татварын хуулийн өөрчлөлтөд байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Хувь хүний орлогын албан татварын хувьд хүмүүс нэг хувийн татвартай болъё гээд байна. Орлогын татварын үндсэн зарчим бол нийгмийн гишүүн бүр нийгэмдээ хувь нэмэр оруулах ёстой, гэхдээ өөрсдийн бяр чадлын хэрээр оруулах ёстой гэсэн зарчим юм. Гэтэл хувь хүн нэг сая төгрөгийн орлоготой байсан ч 10 хувь, тэрбум төгрөгийн орлоготой байсан ч 10 хувийн татвар авч байна. Тэрбум төгрөгийн орлогоосоо 10 хувийн татвар төлж байгаа хүн үлдсэнээр нь амьдрах, сая төгрөгийн орлогоосоо 10 хувийн татвар төлж байгаа хүн үлдсэнээр нь амьдрах гэдэг чинь хамаагүй их ялгаа гаргана шүү дээ.

Шаталсан тогтолцоо хувь хүний орлогын албан татварт байх нь зөв боловч манай шатлал хэтэрхий бага байна. Дундаж хэмжээний менежер хүн 15 хувийн татвар төлөх болох нь. Тэгээд татварт хамруулах орлогын хүрээг өргөсгөөд байна.

Шинэ хуулийн төсөл дээр цалингийн орлого дээр шууд бус орлого, үйл ажиллагааны орлогыг нэмсэн дүнгээс шаталсан татвар авна гэж байгаа юм. Тэгэхээр татварын ачаалал улам нэмэгдэнэ гэсэн үг. Цалингаасаа өөр орлого олдог хүний татварын ачаалал улам нэмэгдэнэ. 

Нэгд, шаталсан татвар шууд 10 хувиас эхлэх нь буруу. 

Хоёрт, тухайн хүн өндөр орлоготой ч бай, бага орлоготой ч бай тэр хүнд амьдралаа залгуулах буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгийг татвараас чөлөөлөх ёстой.

Гуравт, хувь хүн татварын тайлангаа өгдөггүй асуудал бий. Үүнийг сайжруулахын тулд хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлж, орон сууцны буцаан олголт, сургалтын төлбөрийн буцаан олголтыг өгдөг. Гэтэл нэг удаа орон сууц худалдаж аваад л, хүүхэд нь сургуулиа төгсчихөөр тайлангаа өгөхөө больж байна. Манай улсын идэвхтэй ажиллаж буй хэсэг нь залуус. Залууст нийтлэг байгаа зүйл бол ипотекийн зээл. Тэгвэл зээлтэй байгаа хүн болгоны зээлийн хүүгийн зардлыг НДШ шиг хасагдах зардал болгочихъё. Тэгвэл зээлтэй бүх хүн зээлийн хүүгээ хасуулахын тулд хувь хүний татварын тайлангаа өгдөг болно" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe