Хуулийн хулгай, ногоон гэрэл

Ц.Чимэдцэеэ
2025-04-18

Энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, 10.45 цагийн үед өндөрлөлөө. 

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.

Цэц тус хуулийн 41.9, 44.6 дах хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан тэгш байдал, хууль дээдлэх зарчим, ялгаварлан гадуурхаж үл болох зохицуулалт, сонгох, сонгогдох эрхийг тус тус зөрчсөн хэмээн дүгнэсэн.

Тухайлбал 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй”

44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” хэмээн тус тус заасан байдаг.

УИХ дээрх дүгнэлтийг хүлээн авч, хуульд өөрчлөлт оруулахаар болсон.

Гэхдээ Монгол Улсын Их Хурлын гишүүн гэснийг “аливаа” этгээд болгон өөрчилжээ.

Өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “41.9 дэх заалт өөрөө “шарааны” заалт. УИХ-ийн гишүүний ажлаа танилцуулах материал өөрөө эд байна. Тэгвэл энэ эд чинь сонгуулийн сурталчилгааны материал гэдэгт тооцогдоно. Энийг нь больё гээд байхад нэмээд сайд нь хүртэл тараах эрхийг нь нээчихлээ. Тийм юм бол аливаа этгээд гэдэгт төрийн бус байгууллага орох уу гэдгийг тодруулах ёстой” гэсэн юм.

Хариуд нь Ц.Сандаг-Очир “УИХ-ийн гишүүний бүрэн эрх дараагийн гишүүн тангараг өргөснөөр эхэлдэг тул сонгуулийн үеэр халдаж болохгүй. Тийм учраас сонгогчидтойгоо уулзах боломжийг нь хязгаарлахгүй. Цэцийн дүгнэлт УИХ-ын гишүүн тайлангаа тараана гэсэнтэй холбоотой ба гарааны тэгш байдал хангагдаагүй байсныг “аливаа этгээд” болгон өөрчилж, хүн бүр тайлангаа танилцуулж болохоор болсон” хэмээн тайлбарлаж байсан юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар дээрх өөрчлөлтийн талаар эцсийн хэлэлцүүлэг хийсэнд тооцох, тус хуулийг олонх нь буюу хуралдаанд оролцсон 90 гишүүнээс 64 нь дэмжсэнээр “ногоон гэрлээр” батлагдав.

Гэвч дээрх өөрчлөлт нь цэцийн дүгнэсэн зөрчигдөөд буй Үндсэн хуулийн зарчимд нийцэх эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдлээ.

Учир нь УИХ, Засгийн газрын гишүүн тайлангаа иргэдэд танилцуулах нь тухайлсан хуульд тусгагдсан байдаг. Энэ нь хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө төсвийн мөнгөөр танилцуулгын материал хэвлүүлнэ, тараана, иргэдтэй уулзана гэсэн үг.

Гэтэл Сонгуулийн тухай хуулиар өөрчлөгдөж буй заалтад “аливаа этгээд” болгон субъектуудын хүрээг нэмсэн мэт боловч УИХ, Засгийн газрыг бодоход өөрийн зардлаар ийнхүү тайлан материал тараах чадах эсэх нь тодорхойгүй бөгөөд тэглээ гэхэд сонгуулийн зардлыг улам нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Ийм байхад УИХ-ын гишүүд сонгуульд “давуу эрхтэй” оролцдог гажуудлыг хууль тогтоогчид засаж чадсан гэх нь учир дутагдалтай. Харин хуулийн дагуу хууль бус үйл ажиллагаа эрхлэх буюу "хуулийн хулгай" амилсан үлгэр болов.
 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe