Ц.Бат-Эрдэнэ: Нийслэлд бизнес эрхлэх хэцүү болжээ, баялаг бүтээгчдээ шахаж, дампууруулах бодлого барьж байна

.Graph
2025-04-17

НИТХ-ын ээлжит III хуралдаан 4 сарын 15-нд болж, 10 асуудал хэлэлцсэн. Энэ үеэр НЗДТГ-аас өргөн барьсан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталсан. Ийнхүү 2025-2026 онд эхний ээлжид 51 мянган өрхөд халаагуур тарааж, хэрэглээнд нь урамшуулал олгож, цахилгааны төлбөрөөс хөнгөлөх асуудлыг ярилцсан байдаг. Уг асуудлаас үүдэн “Hybrid House” ХХК-ийн захирал Ц.Бат-эрдэнэ халаагуурын үйлдвэрлэлээ зогсоох эрсдэлд орсон тухайгаа цахим хуудастаа нийтэлсэн юм. Энэ талаар нь бид түүнтэй ярилцлаа.

-Компанийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулаач?

-2017 онд компаниа байгуулаад, 30 орчим хүнийг тогтмол ажлын байраар хангаж, цахилгаан халаагуур хийх, амины орон сууц барих ажил гүйцэтгэж байна. Одоогоор 9000 орчим айлыг цахилгаан халаагуураар хангасан. Үүний 3000 орчим нь монгол гэрт суурилуулсан байна. Яг зах зээлийнхээ зарчмаар явж ирсэн. Ямар нэг тендерт оролцож байгаагүй. Хүмүүсийн худалдан авах эрэлт дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай барьдаг амины орон сууц бол эрчим хүчний өндөр хэмнэлттэй байгууламж. Одоогоор 300 орчим айлын амины орон сууцыг барьсан. Нийтийн орон сууц хүртэл бариад явж байна.

Энэ бизнесээ үргэлжлүүлэхийг хичээнэ. Гэхдээ цаашид үргэлжлүүлэхэд хүнд болж байх шиг байна. Татан буулгах эрсдэл ч үүсэж байна. 

-Яагаад компаниа татан буулгах эрсдэл үүссэн гэж үзэж байна вэ? 

-Нийслэлээс утааны эсрэг баримталж буй “50 мянган айлыг утаанаас салгана, газ болон хийн түлшээр халаана” гэх бодлогыг эсэргүүцэж байгаа зүйл байхгүй. Гол нь нийслэл цахилгаан халаагуурыг шууд оруулж ирээд, үнэгүй тараах гэж байна. Тэгээд зөвхөн тэр халаагууртай айлуудын цахилгааны болон газных нь үнийг хөнгөлнө гэж ярьж байна. Ингээд нэг айлд ойролцоогоор 900 мянган төгрөгийн татаас өгнө гэсэн. Тэгэхээр ямар ч хүн дотооддоо үйлдвэрлэсэн эсвэл гаднаас оруулж ирж буй компаниудын халаагуурыг мөнгөөрөө худалдаж авахгүй. Нийслэлээс үнэгүй тараасныг нь аваад, хөнгөлөлтөө эдлэхээ л бодно. Энэ бол шударга өрсөлдөөнийг зөрчиж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг шууд дампууруулах эрсдэлтэй зүйл. Нийслэл шууд өөрсдөө цахилгаан халаагуурын зах зээл рүү орж ирээд, иргэдэд үнэгүй тараана гэдэг чинь яг юу гэсэн үг вэ. Тэгээд зөвхөн халаагуур тараасан айлуудынхаа цахилгааны мөнгийг хөнгөлнө гэхээр бүр утгагүй болчхож байгаа юм. Үнэхээр төр цахилгаан халаагуур тараах гэж байгаа юм бол иргэдэд сонголтыг нь өгөх ёстой. Жишээ нь, 1 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэх юм бол ийм үйл ажиллагаа эрхэлдэг энэ олон компаниудаас иргэд өөрсдөө очоод сонголтоо хийгээд, тухайн сонгосон халаагуураас нь төр 1 сая төгрөгийг хөнгөлж өгөөд, үлдсэнийг нь иргэн өөрөө гаргаарай гэвэл зах зээлийн зарчимд нийцнэ. Компаниудаа ч бодитоор дэмжиж чадна.  

-Танай үйл ажиллагаатай нийслэлийн удирдлагууд танилцаж байсан уу?

-2023 оны 10 сард Хотын дарга Х.Нямбаатар уг албан тушаалд томилогдсоныхоо яг дараа өдөр нь манай үйлдвэр дээр ирж танилцаж байсан. Бид тэр уулзалт дээр Улаанбаатар хотын утааг үр дүнтэй, хурдан хугацаанд арилгах аргыг ярилцаж байсан. Манай зүгээс монгол гэрийг дулаалж, халаасан туршлагаа танилцуулж, энэ хугацаанд айлуудын цахилгааны мөнгө хэд гарав, ямар эвдрэл гэмтэл гарсан бэ гэхчлэн бүх мэдээллээ өгсөн.

Түүний дагуу 2024 оны 1 сард 20 мянган айлын цахилгаан халаагуурын тендер зарласнаа удалгүй тендерээ цуцалчихсан. Гэтэл дахиад 28 тэрбумаар “Нүүдэл” зуух оруулж ирж, 32 мянга айлд тараасан. Энэ өвөл тэр зуухаа туршиж үзэхэд огт гэр, байшинг халааж чадаагүй. Тэгэхээр тэр мөнгөө дахин хятадаас шууд халаагуур оруулж ирж тараахад зарцуулж байгаа юм болов уу л гэж ойлгож байна.

Бид ардчилсан улсад амьдарч байгаа. Хүн дулаахан, өөртөө арчаатай амьдарч, гэр байшингаа дулаалж, цахилгааны төлбөрөө төлөх нь хувь хүний үүрэг. Мэдээж дэмжлэг зайлшгүй шаардлагатай айлуудад туслалцаа хэрэгтэй. Тэглээ гээд бүгдийг нь хөнгөлж, бүгдийг нь халамжлах ойлголт биш шүү дээ. Хэн илүү гэр байшингаа дулаалж чадаж байна тэр хүмүүст тодорхой хэмжээгээр боломжийг нь олгож өгөөд, эрчим хүчийг нь тогтвортой нийлүүлэхэд л болох асуудал шүү дээ. 

-Танай зүгээс монгол гэр дулаалах ямар шийдэл танилцуулсан юм бэ?

-Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн 42 хувь буюу 92 мянга нь монгол гэрт амьдардаг. Байшинг бол дулаалах хэцүү. Яагаад гэвэл өөр өөр хэмжээ, материалтай тул дулаалахад хэдэн төгрөгийн өртөг орох вэ, дулаалсны дараа хэдий хэмжээний эрчим хүч зарцуулах вэ гэдгийг тооцоолоход хэцүү. Харин монгол гэр бол маш тодорхой. 18 метр радиустай, 24-25 м.кв талбайтай. Приус машин дээр нэг стандартаар хучлага үйлдвэрлээд хучиж болдог шиг монгол гэрийн загвараар хучлага хийж дулаалаад, шал, хаалга, тооныг дулаалахад хэдэн төгрөг зарцуулагдах нь тодорхой байдаг. Бүгдийг нь дулаалаад, нэг стандарт болгочихсон гэрийг хэдэн кВатт эрчим хүчээр халаах нь ч тодорхой болчихдог. Ийм маягаар нэг гэрийг дулаалахад 3-4 сая төгрөг болдог. Энэ мөнгөн дээр нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх, эсвэл ногоон зээлд хамруулах байдлаар шийдвэл нүүрс авах мөнгөнөөс нь хямд тусна. 92 мянган айлыг ийм маягаар дулаалахад 276 тэрбум төгрөг орно. Гэтэл сайжруулсан түлшинд жил бүр 400 тэрбум төгрөгийн татаасыг өгдөг. Энэ 400 тэрбум бол ганцхан жил шатаагдаад дуусдаг. Гэтэл монгол гэрүүдээ нэг ингээд дулаалчихад 5-6 жил, цаашлаад 10 жил татаас олгохгүй байх боломж үүснэ.     

-Нийслэлээс зуух, халаагуур тарааж, халамжийн бодлого үзүүллээ гээд утаанаас салах уу?

-Манайх барилга барьдаг. Барилга дээр ажиллаж буй хүмүүс өдөрт 150 мянган төгрөгийн цалин авдаг. Тэгэхээр тухайн хүн нэг өдөр ажиллах цалингаараа л халаалтын зардлаа өөрөө даачих боломжтой. Магадгүй энэ халаагуурыг ногоон зээлд хамруулж, хүү багатай, урт хугацаатай болговол сард үүнээс ч бага зардлаар иргэд халаалтаа шийдчих боломжтой байх. Гэтэл үүнийг хийх биш, хүн өөрөө өөрийнхөө төлөө амьдрах тэр хүсэл эрмэлзлийг байхгүй болгож байна.

Эргүүлээд, өөрсдийнхөө төлөө ажиллаж, хөдөлмөрлөж байгаа баялаг бүтээгчдээ дампууруулж, монголд үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа нь харамсалтай. 

Дэлхийн худалдааны дайн гээд л байна. Трампын шийдвэрээс болж хүмүүс түүнийг үзэн ядаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүртэл Вьетнам, Сингапурт уулзалт хийгээд л явж байна. Энэ том хүмүүс чинь дотоодынхоо үйлдвэрлэл эрхлэгчдийг л дэмжих гэж, тэр зах зээлийг бий болгож, хамгаалах гэж л явж байгаа хэрэг. Гэтэл манай улс эсрэгээрээ. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ шахан боогдуулах, дампууруулах л бодлого барьж байна. Дотоодын үйлдвэрлэл гэдэг маш чухал зүйл. Бид зүгээр нэг паар үйлдвэрлэж байгаа хэрэг биш.

Үйлдвэрлэл гэдэг бизнес гэдгээсээ гадна энэ паарыг үйлдвэрлэх чадалтай, тоног төхөөрөмж дээр ажиллаж чаддаг, хариуцлагатай боловсон хүчнийг давхар бүтээдэг. Ийм боловсон хүчин, иргэд олон болох тусмаа эх орноо бид өөрсдөө бүтээнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe