Сансрын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна

.Graph
2025-04-17

Монгол Улс нь 1,564,116 км2 газар нутагтай. Үүний ердөө 24% нь харилцаа холбооны дэд бүтэцтэй буюу гар утасны сүлжээ, интернэттэй байна. Мөн 4 сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байгаа юм. 

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд алслагдсан 139 цэгт үүрэн холбооны сүлжээ оруулахаар ажиллаж байна.

Гэхдээ шилэн кабель татаж, уулын орой дээр станц байршуулах нь эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй учраас дэлхийн улс орнууд энэхүү аргыг оновчтой болгох талаар ярилцаж эхэлжээ. Тухайлбал, Япон Улс шилэн кабелийн оронд хиймэл дагуулын тусламжтайгаар харилцаа холбооны дэд бүтцээ сайжруулах арга барил руу шилжсэн байна. 

Иймд өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны хувьд харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулж, малчны хотноос дэлхийн боловсрол эзэмших, орон нутагт байгаа иргэд нийслэл хотыг зорихгүйгээр төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд үндэсний хиймэл дагуулын гүйцэтгэх үүрэг маш чухал гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна. 

Өнөөдөр дэлхийн 104 улс 11,833 хиймэл дагуулыг ямар нэгэн байдлаар хөөргөжээ. Үүний 70 гаруй хувь нь харилцаа холбооны зорилготой хөөргөсөн хиймэл дагуул байна. XXI зууны эхэнд ердөө 14 улс л хиймэл дагуулаа сансарт хөөргөж байсан бол сүүлийн 20 жилийн хугацаанд 91 улс хиймэл дагуулаа хөөргөжээ. 

Цаашид улс орнууд хиймэл дагуулыг идэвхтэй хөөргөх бөгөөд энэ нь 2028 он гэхэд 1,119,866 болох төлөвтэй байна. 

Энэ хэрээр сансрын салбар эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн бүх салбарыг тэлэх, цоо шинэ боломж нээх хөшүүрэг болж байгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү тодотгов.

Дэлхийн улс орнууд харилцаа холбооны үндэсний дэд бүтцээ сайжруулах, найдвартай, бие даасан, тусгаар тогтносон дэд бүтэцтэй болох зорилгоор Сансрын бодлогоо боловсруулж байна. Ийм цаг үед Монгол Улс сансрын тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, сансрын тухай хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын талаарх тандан судалгааг хийсэн бөгөөд Сансрын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байгаа аж.

Тус хуулийн төслийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд танилцуулж, хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих юм. 

Энэ мэтчилэн үндэсний хиймэл дагуулыг тойрсон асуудлаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид нэгдсэн ойлголттой болох зорилгоор өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форумыг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe