Д. Амарбаясгалан: Даварсаар даварсаар Дагвын оронд

Ц.Чимэдцэеэ
2025-04-17

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тов ёсоор хуралдаан 12.30 цагт завсарлах байсан ч Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж буйтай холбоотойгоор 1 цаг сунаад байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өргөн мэдүүлж буй төслүүдтэй холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ.

"Засгийн газар яаралтай горим гэдэг нэрийн дор маш том хуулийн төслүүдийг оруулж ирж байна.

Тэдний шийдвэр гаргах процесст Хууль зүйн яам, Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар хянаж, зөвшөөрсөн бичиг өгсний үндсэнд хуулиуд өргөн баригддаг байх ёстой. Яаралтай горимоор орж ирж байгаа хууль, тогтоолын төслүүд дээр энэ гурван сайд гарын үсэг зурдаг.

Гэтэл орж ирсэн төсөл нь УИХ дээр засаж сайжруулах, тэр битгий хэл олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлага үүсгээд байна.

Нягтлахгүйгээр яаралтай горимоор өргөн барьсан төслүүд ингэж хэрүүл дагуулж байна. 

Буцаагаад өгөхөөр УИХ өргөн барьсан төслийг авдаггүй, УИХ нь Засгийн газрынхаа бодлогыг дэмжсэнгүй гэсэн асуудал үүсдэг. Гадаа гарахаараа УИХ төсөл хэлэлцүүлэхгүй байна гээд яриад сууж байдаг байдлыг таслан зогсооно.

УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг ажиллахгүй. Зарим зүйл дээр хатуу байр сууриа илэрхийлж, буцаах эрхээ хэрэгжүүлнэ.

Өөрсдөө шаардлага хангахгүй төсөл өргөн барихаа болих хэрэгтэй. Зөвшөөрлийн хуулийг дагаад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах гээд ороод ирж байгаа нь ариун явдал мөн юм уу" хэмээн зандарлаа.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe