Япон Улсын Нара мужийн Тэнри хотын Тэнри их сургуулийн дэргэдэх Тэнригийн лавлах музейд хадгалагдаж буй ургийн бичгийг шинжлэн үзэхэд уг модонд Чингис хааны үр садаас эхлээд 14 үеийн 12000 орчим хүний нэр бичигдсэн байгааг тогтоожээ.
Музейн зүгээс уг ургийн бичгийг Монгол Улсын Үндэсний номын сангийн архивд хадгалагдаж буй ургийн бичигтэй адилхан байна гэж үзжээ.
Япон Улсад байгаа уг ургийн бичиг нь ойролцоогоор 5.5 метр диаметртэй дугуй хэлбэртэй даавуу юм. Дайны өмнө ургийн бичгийн музейд авчирсан ч агуулгынх нь нарийн ширийн зүйл тодорхойгүй байжээ. Ийнхүү саяхан хийсэн шинжилгээний үр дүнд 13-р зуунд Монголын эзэнт гүрний анхны эзэн хаан болсон Чингис хааны удмын хүн болох зүүн Монголд үйл ажиллагаа явуулж байсан овгийн ахлагч эрэгтэйгээс эхлээд 14 үеийн 12 мянга орчим хүний нэрс бичигдсэн болохыг тогтоожээ.
Ургийн модны голд овгийн ахлагч эрэгтэйн нэрийг, гадна талд нь түүний үр удмын нэрийг бичсэн байна. Уг ургийн модыг 4 сарын 16-наас эхлэн Тэнригийн лавлах музейд дэлгэжээ.
Харин Монгол Улсын Үндэсний Номын Санд хадгалагдаж буй дэлхийн хамгийн том архивуудын нэг гэгддэг ургийн бичиг нь 88:90.5 см хэмжээтэй, даавуун дээр хар бэх, улаан шунхаар бичсэн, 19-р зууны эхэн үед холбогдох олдвор юм.
Уг ургийн бичигт Халхын хошуудын засаг ноёдын угсаа гарлыг Чингис хаанаас эх аван хөтөлсөн бөгөөд хэн хэдийд бичсэн нь тодорхойгүй боловч угийн бичигт орсон хүмүүсийн төрсөн он цаг, бичгийн хэвийг харвал 19-р зууны эхний хагаст бичсэн байна хэмээн эрдэмтэд тодорхойлсон байдаг. МУҮНС-д хоёр хувь хадгалагдаж байгаагийн нэг нь нэлээд гэмтсэн байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх