О.Алтангэрэл: ШШГЕГ-аас П.Батчулуун эмчийн өвчин хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орсон байна гэж дүгнэсэн

Ж.Номин
2025-04-16

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд санал дүгнэлт өгсөн. Хуулийн доголдолтой байдлаас үүдэн ажил үүргээ гүйцэтгэж явсан эмч хүн хорих ял авсан. Уг асуудлаар Zogii.mn сайт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс тодруулга авчээ. 

Ярилцлагыг бүтнээр нь энд дарж үзнэ үү.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: 

- Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн салбарын төлөөллийнхөө хувьд Эд, эс, эрхтэн шилжүүлэх тухай, Донорын тухай хуулийг хоёр тусдаа хууль болгохоор хоёр хуулийн төсөл боловсруулаад явж байгаа юм байна. Үүнд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд танилцуулсан. П.Батчулуун эмчийн хувьд харамсалтай зүйл болсон. Монгол Улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан.

Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллага болох ШШГЕГ нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй.

П.Батчулуун эмчийн биеийн байдалтай холбоотой асуудлууд хөндөгдөж байна. Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж бий. Хорих байгууллагын эмнэлгээс комисс хуралдаж, “ялаас чөлөөлөх өвчтэй хүн байна” гэж үзвэл хорих ялаас чөлөөлөх саналыг гаргаж, дүгнэлтээ прокурорт хүргүүлдэг. Прокурор шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж, шүүх рүү хандаж, асуудлыг шийдвэрлэдэг.

Өнөөдрийн байдлаар “П.Батчулуун эмчийн хувьд хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан өвчтэй байна. Энэ хүнийг хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй” гэсэн санал дүгнэлтийг ШШГЕГ-аас гаргаж, прокурор дээр хянагдаж байна.

Прокурор шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулбал П.Батчулуун эмчийг хорих ялаас чөлөөлнө. Уг процесс ойролцоогоор 30 хоногийн дотор шийдвэрлэгдэх боломжтой гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe