УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна.
Тов ёсоор хамгийн эхэнд Евразийн эдийн засгийн холбоотой түр худалдааны хэлэлцээр байгуулах санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх талаар хэлэлцлээ.
Евразийн эдийн засгийн холбоотой өнгөрсөн сарын 31-нд уулзаж, саналаа хэлэлцсэнээр зарим өөрчлөлт оруулахаар болсон байна.
Тухайлбал, Монголоос ОХУ-руу гарах мах, махан, арьс шир, ноос ноолууран, ХАА-н бусад бүтээгдэхүүнүүд болох нийт 366 барааг гаалийн албан татваргүй экспортоор гаргахаар болсон байна.
Мөн манай улс дотооддоо өндөгнийхөө хэрэгцээг 100 хувь хангаж чаддаггүй бөгөөд жилд 100 аас 150 сая ширхэг орж ирдэг. Иймд 90 сая хүртэл 7,5 хувийн татвар ноогдуулж, түүнээс дээш бол 15 хувийн татвар ноогдуулахаар тохиролцжээ.
Улаан буудайн хувьд импортыг 50 мянган тонноор хязгаарлахаар болсон байна. Ийнхүү их хэмжээгээр оруулж ирэхээс хамгаалж, тариаланчдаа хамгаалах зохицуулалт оруулсан байна.
Хуралдааны үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Эдийн засгийн хувьд 90 хувь нэг орноос хараат байгаа гэдгээ санах хэрэгтэй” хэмээж байсан юм.
Монгол Улсын Шадар сайд Л.Гантөмөр “Хамгийн ойр, хамгийн бололцоотой зах зээл бол хойд хөрш” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Хойд хөршид биш танд эргэлзэж байна” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Судалгааны үр дүнгүүд зөрчилтэй байна. Олохоосоо илүү алдах вий. Бодлого боловсруулахдаа дотоодын үйлдвэрлэгчдээ анхаарах ёстой. Худалдааны тэнцлээс харахаад манай талд алдагдалтай байна” хэмээн сануулсан.
Хариуд нь Л.Гантөмөр “Дотоодын зах зээлээ хамгаалсан зохицуулалт байгаа. Тухайлбал өндөг 15 хувийн татвартай байвал удаан барьж чадахгүй. Дотоодын бараан дээрээ НӨАТ-аа хэдэн ч хувь болгон буулгаж болно. Манайд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн орж ирэхэд 10 хувийн татвар авна. Харин манайд үнэ цэнээ алдаад буй арьс, ноос, нэхмэл эдлэлээ зах зээлийн эргэлтэд оруулах үр ашиг бий” гэв.
Сэтгэгдэл үлдээх