Өчигдөр буюу 4 сарын 15-нд Засгийн Газрын Авто Бааз / Auto Transport Depot of Government гэх фейсбүүк хуудаснаас зочин тосох, гэр бүлээрээ хөдөө явахад түрээсийн автомашинаар үйлчилгээ үзүүлнэ гэх утгатай хоёр танилцуулга видео нийтэлсэн.
Тодруулбал, “Та гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хөдөө орон нутгаар аялахыг зорьж байгаа бол бид танд Засгийн газрын авто баазыг сонгох 4 шалтгааныг танилцуулъя” хэмээгээд туулах чадвар сайтай Land Cruiser 200, Lexus 570, Y62, Starex автомашинуудаар олон жилийн туршлагатай мэргэшсэн жолооч нар үйлчилнэ гэх агуулгатай видеонууд байршуулжээ.
2022 онд Засгийн газрын авто баазыг УТҮГ-аас ТӨҮГ болгож өөрчлөхөд тус байгууллагыг 100 автомашин, 105 ажилтан, албан хаагчтай, аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагааг явуулдаг, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байжээ.
Мөн Засгийн газрын 2022 оны 388 дугаар тогтоолоор Засгийн газрын авто баазын дүрмийг баталсан. Уг дүрэмд “төр, засгийн байгууллагад албан тушаалын, дуудлагын, орон нутгийн албан томилолтын зориулалтын автомашинаар шуурхай, үйлчилгээг үзүүлэх; төр, засгийн урилгаар ирсэн зочин, төлөөлөгчдөд тээврийн үйлчилгээ үзүүлэх” гэсэн чиглэлүүд бий. Харин татвар төлөгч иргэдэд бүр гэр бүл, найз нөхөд, хамт олонд нь хөдөө зугаалгаар явахад түрээсийн машинаар үйлчлэх гэсэн заалт байхгүй.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс тус байгууллагын 2025 онд зарласан тендерүүдийг харахад 5.8 тэрбумын төсөвтэй 9 тендер зарласан байна. Үүнд, автомашин худалдан авах, шатахуун, тослох материал, сэлбэг, дугуй авах, даатгалд хамруулах зэрэг багтжээ.
Ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр сэлбэг хэрэгсэл, машин, шатахуунаа хүртэл авч буй төрийн өмчийн үйлдвэрийн газар нь эргээд татвар төлөгчдөдөө түрээсийн үйлчилгээ үзүүлэх нь хэр зөв бол гэх асуулт гарч ирж байна. Түүнчлэн МАН-ын 2024-2028 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 3.1-т заасан “Төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэх” зорилтыг үгүйсгэж байна. Хэдий тус байгууллага аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулдаг, төсвөөс санхүүждэггүй болсон ч түрээсийн машины үйлчилгээ үзүүлдэг UBCab, Aba mongolia, Autorent, Gebet гэх мэт хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөж, татвар төлөгчдийн мөнгөөр бизнес эрхэлж, шахан боогдуулах ёстой юу.
Хэдий 2022 оны Засгийн газрын тогтоолоор тус байгууллага төсвөөс санхүүждэггүй болсон ч тус байгууллагаас үйлчилгээ авдаг байгууллагууд нь дан төрийн байгууллагууд юм.
Өөрөөр хэлбэл, Төсвийн мөнгөөр санхүүждэг төрийн байгууллагууд авто баазад орлого оруулдаг гэсэн үг. Харин төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө.
Тухайлбал, Засгийн газрын авто баазын дансанд 3 сарын 27 онд 10 гүйлгээгээр 169.7 сая төгрөгийн орлого орж ирсэн байна. Үндсэн хуулийн цэц, ЗГХЭГ, Шадар сайдын ажлын алба, Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэх байгууллагууд машин түрээсийн үйлчилгээ авч, уг орлогыг бүрдүүлжээ.
Ташрамд, “Засгийн газрын авто бааз” ТӨҮГ-т автомашины техникийн хяналтын үзлэгийн төв байгуулагдаж байгаатай холбогдуулан оффис болон үйлчилгээний талбай түрээслүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаж, 1м2 талбайг 40 мянган төгрөгөөр тооцжээ.
Сэтгэгдэл үлдээх