ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг УИХ гишүүн Ж.Баярмаа, Г.Очирбат, Б.Пунсалмаа нар санаачиллаа

Ж.Номин
2025-04-15

УИХ-ын гишүүн Г.Очирбат, Б.Пунсалмаа, Ж.Баярмаа нар Хүн амын орлогын албан татварыг 1 хувь болгох хуулийн төсөл санаачилж байгаагаа мэдэгдлээ.  

Эдийн засагч Р.Шинэгэрэлийн санаачилсан ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгон бууруулах 100 мянган иргэний гарын үсэгтэй саналыг дээрх гишүүд дэмжиж, хуулийн төсөл болгохоор болж, уг саналыг АН-ын бүлгээс дэмжсэн байна. 

Улаанбаатар хотын иргэд, тэр дундаа залуу үед татварын дарамт их байгаа нь санал өгсөн иргэдийн статистикаас харж болохоор байв.  

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

- 2024-2028 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 3.2.1.4-т “Бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлого баримтална” гэж заасан. Тэгэхээр хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ өөрсдөө тогтоолоор баталсан тул энэ амлалтыг биелүүлэх хэрэгтэй. Улсын төсвийн зарлага асар их нэмэгдэж байгаа бөгөөд уг зарлагыг татварын орлогоор бүрдүүлж буй. 

Гэвч татвар бууруулна гэж амлачхаад

  • Нийслэл хотын албан татвар 100%
  • Авто тээврийн хэрэгслийн албан татвар 200%
  • Авто зам ашигласны төлбөр 400%
  • 2022-2023 оны хооронд ХХОАТ 44 хувиар нэмэгдсэн байна

Түүнчлэн энэ жил өмнөх оныхоос 25 хувиар ХХОАТ-ыг нэмэхээр төлөвлөсөн нь ард иргэдийн нуруун дээр ачаа өгч байна. 

Улсын төсвийн зардал жил бүр 30 орчим хувиар нэмэгдэж байгаа бөгөөд 2024 онд 36 хувиар, 2025 онд дахиад 10 хувиар нэмэгдсэн. 

Монгол Улсын татварын бодлого төсвийн зардлыг нөхөх зорилгоор хэрэгжиж байна. Татварыг бууруулснаар иргэдийн бодит орлого нэмэгдэн, сүүдрийн эдийн засаг хумигдан, хөдөлмөрийн оролцоо нэмэгдэж, худалдаа барааны эргэлт сайжирч, хөрөнгийн зах зээл өсөх боломжтой гэж үзжээ. 

Олон улсад уг татварын хувь нь өндөр байдаг ч иргэд, ААН-ууд нь төлдөг байна. Учир нь буцаан олголтын хувь өндөр аж. Тодруулбал, хүүхдийн  сургалтын төлбөр, барилга, байшин худалдаж авахад 19 хувийг буцаан олгодог учраас иргэд нь төлдөг. Гэтэл манайд энэ тогтолцоо бүрдээгүй учраас ХАОАТ-ыг нэг хувиар төлөх ёстой гэж үзэж байгаагаа  гишүүд онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe