УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ гишүүн Х.Тэмүүжин:
- Монгол Улс бол парламентын ардчилалтай орон буюу УИХ нь төрийн гол ноён нуруу байдаг. Гэтэл сүүлийн 30 жилд ил харагдахгүй боловч хэлбэрийн хувьд тодорхой ухралтууд хийсэн байна. Тухайлбал, УИХ-ын чуулганы танхимын хоймор толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу Ерөнхий сайд ороод суучихдаг. УИХ-ын гишүүд нь Ерөнхий сайдаасаа асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр төрх харагдаж байна. Парламентын ардчилал бүхий үндсэн хуульт орнуудын парламентыг харахад чуулганы танхимын толгой дээр Ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент алга байна.
Тиймээс АН-ын бүлгийн зүгээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, танхимын толгой дээр Ерөнхий сайд гарч суудаг байдлыг зогсоож, 126 гишүүнийхээ дунд орж суух зарчмыг баримтлах хуулийн төслийг өргөн барина.
Хоёрдугаарт, УИХ-ын дэгийн тухай хуульд "Ерөнхий сайдын мэдээллийн цаг" гэх зохицуулалт байна. Ерөнхий сайд ямар мэдээлэл өгөхөө өөрөө сонгож, УИХ-д санал болгодог. Засгийн газрын буюу Ерөнхий сайдын санал болгосон мэдээллийг тойрч УИХ эргэлддэг байдал нь "УИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа хариуцна" гэх зармыг эвдэж байна. Бусад парламентад гишүүд нь асуудаг болохоос биш Ерөнхий сайд нь "Би ийм юм яримаар байна" гэж санал тавьдаггүй. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийн цагийг "УИХ-ын асуулгын цаг" гэж өөрчлөх хэрэгтэй.
Тэгэхгүй бол парламент хяналтаа тавьж чадахгүй, УИХ нь Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо гэх бодит шүүмжлэлд өртөхөд хүрч байна.
Мөн УИХ-ын чуулганд мэдээлэл өгч буй албан тушаалтнуудад худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Иргэдээ “худал хэллээ” гэж шийтгэдэг мөртөө эрх мэдэлтнүүд худал ярихаараа огт хуулийн хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Тиймээс эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар “УИХ-д худал мэдээлэл өгсөн албан тушаалтанд нийтийн албанд ажиллах эрхгүй болох” хуулийн зохицуулалт хэрэгтэй байна гэв.
Ийнхүү дээр асуудлуудын хүрээнд АН-ын бүлгээс хуулийн төслүүдийг бэлтгэн, өргөн барих аж.
Түүнчлэн АН-ын бүлгээс Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөө аажмаар алдаж, бизнесийн орон зай руу төр орж байгааг шүүмжиллээ. Олон улсын судалгаагаар Монгол Улс эдийн засгийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орж байна. Учир нь өмчийн эрхийг хамгаалж байгаа байдал, төрийн оролцоо, авлигажсан байдал нөлөөлж байна. Эдийн засгийн эрх чөлөө өндөртэй орны нэг хүнд ногдож буй ДНБ нэмэгддэг. ДНБ-ийн өсөлт эдийн засгийн эрх чөлөөтэй шууд хамааралтайг онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх