УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг өнгөрсөн гуравдугаар сард өргөн барьжээ.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар өмгөөлөгчийн шалгалтад дараах хүмүүсийг оруулдаггүй юм байна.
Хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаалтай этгээд
Улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаалтай этгээд
Тэгвэл хуулийн өөрчлөлтөөр энэ хүмүүсийг өмгөөлөгчийн шалгалтад оруулна гэж тусгажээ.
Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Энэ хүмүүс өмгөөлөгчийн шалгалтад орохын тулд заавал одоо эрхэлж буй ажлаасаа гарах шаардлагатай юм байна. Гэтэл шалгалт гэдэг бол үр дүн тодорхойгүй зүйл. Тэнцэж ч болно, тэнцэхгүй ч байж болно. Тэнцэх эсэх нь баталгаагүй шалгалтад орохын тулд заавал ажлаасаа гарах хэрэг байна уу гэдэг асуудал бий" гэлээ.
Мөн хуульд эдгээр ажлыг эрхэлж буй этгээд өмгөөлөгчийн ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй гэж заасан байдаг юм байна. Энэ заалт хуульд хэвээр үлдэнэ. Энэ нь өмгөөлөгчийг ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зохицуулалт юм. Хуулийн төслөөр зөвхөн шалгалтад орох эсэх асуудлыг зохицуулж буй аж.
Хуулийн төслийг УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр дараагийн хэлэлцүүлэгт шилжлээ.
Түүнчлэн өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдааныг хаалаа.
Сэтгэгдэл үлдээх