Х.Баттулгын өмгөөлөгч: Н.Учрал, Г.Дамдинням нарыг худал мэдээлэл тарааж, гүтгэсэн гэдэг үндэслэлээр шалгуулна

.Graph
2025-04-10

Төгрөгнуурын ордыг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамаарал бүхий гэх 507 хуудас материал байгаа талаар өчигдрийн /2025.04.09/ Засгийн газрын хуралдааны мэдээллээр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өгсөн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга өмгөөлөгч П.Пүрэвбаатараар дамжуулж Төгрөг нуурын ордыг тойрсон гүтгэлгийн асуудлыг шалгуулахаар ЦЕГ-т хандаж байгаа аж.

Энэ талаар өмгөөлөгч П.Пүрэвбаатар: 

-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт холбогдуулан бусдыг гүтгэсэн гэх үндэслэлээр ЦЕГ-т өргөдөл гаргаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт тооцогдох зүйл заалтаар хүнийг гүтгэж байна. Тодруулбал, 250 сая ам.доллароор Монгол Улсын газар нутгийг зараад, татвараас зайлсхийн оффшор бүсэд хөрөнгө байрлуулсан гэсэн утга бүхий мэдээллийг сүүлийн өдрүүдэд байнга гаргаж байгаа учраас Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Цагдаагийн байгууллагад УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие төлөөлөгч, өмгөөлөгчийн хувиар өргөдөл гаргаж  байна. Нэр бүхий хүмүүсийн хувьд тодорхой баримтгүй, шалгаж тогтоосон зүйлгүйгээр "507 хуудас материал байна" гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэ асуудал шинэ зүйл биш. 2016 онд анх энэ асуудлыг ярьж гарч ирсэн хүн нь "Хас"-ын Ганхуяг. 2020 онд мөн энэ асуудлыг хөндөж тавьж байсан. Сонгууль дөхөхөөр л ийм мэдээлэл гаргаж байна.

2025 онд гурав дахь удаагаа гаргаж, Засгийн газрын хэмжээнд хүч оруулан ярьж байна. Хамгийн чухал нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан татвараас зайлсхийсэн, 250 сая ам.доллароор газар нутаг зарсан гэдэг нь өөрөө хүнд гэмт хэрэг юм. Ийм гэмт хэрэгт хүнийг гүтгэн харлуулах нь байж болшгүй зүйл гэж үзээд өргөдөл гаргаж байна.

Монгол Улсын ямар ч иргэн хувьцаа эзэмших эрхтэй. Би хувьцаа эзэмшсэн компанитай нь холбоотой 431 хуудас баримтыг Улсын бүртгэлийн архиваас хуулбарлан авсан. Энэ баримтуудаас илүү юм байхгүй байх гэж бодож байна. Тэнд гэмт хэргийн шинжтэй зүйл тогтоогдоогүй. Одоо яриад байгаа Camex компани нь Монголд байж л байна. Гоожоогийн Норовсамбуу гэх хүний эзэмшилд байна. Хэрвээ татвараас зайлсхийсэн бол энэ компани өдий болтол байгаад байх боломжгүй шүү дээ.

Тэгэхээр улс төрийн акц явж байна гэж харж байна.

Тиймээс энэ асуудлыг Эрүүгийн хуульд заасан үндэслэлүүдээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгч байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга 2007 онд Camex компанийн хувь эзэмшигчээс гарсан гэх мэдээллийг Н.Учрал сайд өөрөө хэлсэн. Зүгээр л хувьцаа эзэмшиж байгаад компаниа шилжүүлсэн л гэсэн үг” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe