УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг улираан томилох асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар зөвшилцөв.
Ийнхүү хуралдаанд оролцсон 97 гишүүнээс 81 буюу 83.5 хувь нь дэмжиж, Ерөнхийлөгч зарлиг гарган 2031 он хүртэл ажиллах Улсын Ерөнхий прокурорыг томилох боломжтой боллоо.
Хуралдаанд үг хэлсэн гишүүдээс ихэнх нь түүнийг дэмжиж буй тухайгаа илэрхийлсэн.
Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Бүх зүйл сайхан байгаа мэтээр олон нийтийг хуураад байж болохгүй. Хууль хяналтын шатад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа тухай удаа дараагийн асуудал гарч байна. Энэ бүхнийг өөрчлөх шаардлагатай. Танд тийм итгэл байна уу" хэмээн ам асууж байв.
Б.Жаргалсайхан "Итгэл үнэмшил байна" хэмээн хариулсан.
Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Таныг Ерөнхий прокуророор ажиллаж байхад 2021 оны 1 сард одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед Ерөнхий сайд байхдаа "АТГ болон бусад хуулийн байгууллага, үүнд мэдээж шүүх, прокурор орж таараа нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Гэмгүй хүнийг дуудаж, ял оноодог. Улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө намнадаг. Хуулийн байгууллагын даргыг томилохдоо түрүүлж өргөдлийг авдаг. Улс төрчдийг айдсаар айлгадаг Ерөнхийлөгтэй байж болохгүй" гэж хэлж байсан. Энэ үг танд хэрхэн тусаж байсан бэ" хэмээн асуув.
Б.Жаргалсайхан "Хүний хэлсэн үгийг би танд тайлбарлах ёсгүй" хэмээсэн юм.
Тэгвэл Банзрагчийн Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, 61 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хоёрдугаар 10 жилийн сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажлын гаргаагаа эхэлж, 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж буй аж.
Тэр прокурорын байгууллагад 37 жил ажиллаж, Улсын ерөнхий прокуророор хоёр дахь удаагаа томилогдож байна.
Сэтгэгдэл үлдээх