Өнөөдрөөс ерөнхийлөгч Доналд Трампын улс орнуудад тавьсан татвар хэрэгжиж эхэлж байна. Түүний татварын мэдэгдлийн дараа 50 гаруй улс орон татвараа бууруулах хүсэлт тавьсан. Гэвч Хятад хариу арга хэмжээ авч 4-р сарын 10-ны пүрэв гаригаас эхлэн АНУ-ын импортын бүх бараанд 34 хувийн татвар ногдуулна гэдгээ зарласан билээ.
Тэгвэл Трамп "АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч, нэмэлт татвар ногдуулсан аливаа улс тэр даруй шинэ, мэдэгдэхүйц өндөр татвар авах болно гэж анхааруулсан ч Хятад улс сөрөг арга хэмжээ авсан" хэмээн мэдэгдсэн.
Доналд Трамп импортын бараанд шинээр нэмэлт татварыг тооцохдоо тухайн улсаас АНУ-ын бараанд оноодог татварын тал орчим хувьтай тэнцэхээр тогтоосон гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өмнө нь Хятадын Америкийн зах зээлд нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний татвар 20 хувь байсан юм. Доналд Трампын татварын мэдэгдлийн дараа ижил хэмжээтэй буюу 34 хувийн татварыг Хятад улс тогтооно хэмээн зарласан. Харин Доналд Трамп үүнийгээ цуцлахыг шаардаж Мягмар гарагийн үд дунд хүртэлх хугацааг өгч цуцлахгүй тохиолдолд 50 хувиар нэмнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Энэхүү мэдэгдлийнхээ дагуу өнөөдөр Трамп Хятадыг шийдвэрээ буцаахгүй бол 104 хувийн татварыг Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах болно гэдгээ зарлав. Харин Хятадын талаас ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Сэтгэгдэл үлдээх