“Эрдэнэт үйлдвэр” худалдан авалтаа хиймэл оюун ухаанаар гүйцэтгүүлнэ

.Graph
2025-04-07

Монгол Улсын төсвийн 10 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг "Эрдэнэт үйлдвэр"-ийн худалдан авалт, тендер хамгийн их хэл ам дагуулж, хардалт төрүүлдэг. Тэгвэл үйлдвэрийн бүхий л мөнгөн урсгалыг нээлттэй, ил болгох технологийн шинэчлэлийг эхлүүлжээ.

Учир нь, хиймэл оюун ухаанд танил тал, нутаг ус, намын найз нөхөд гэж байхгүй. Тендерийн материалыг өгөгдөлтэй нь харьцуулж сонгон шалгаруулах байдлаар систем хөгжүүлж байгаа аж. Энэ талаар тус үйлдвэрийн захирал Г.Ёндонгоос тодруулахад "Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах чинглэлээр бид TenderEval системийг хөгжүүлээд ажиллаж байна. Энэхүү системийг нэвтрүүлснээр худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээг хиймэн оюун ашиглан хийх юм. Энэ нь цаашид Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалт шударга, шуурхай, ил тод, нээлттэй, хэмнэлттэй, бодлогод нийцсэн байх бүх боломжийг бүрдүүлнэ. Одоогоор хөгжүүлэлт хийгдэж байгаа" гэв.

Эрдэнэт үйлдвэр 2024 онд 13 удаа хөрөнгийн биржийн нээлттэй арилжаанд бүтээгдэхүүнээ зарлажээ

Өөр нэг ил тод байдлын хүрээнд хийгдэж байгаа ажил бол биржээр зэсийн баяжмалаа арилжаалж эхэлсэн явдал юм. Засгийн газрын 2024 оны 11-р сарын 27-ны өдрийн хуралдааны 41-р тэмдэглэлээр Зэсийн баяжмалын биржийн арилжааны дуудах үнийг олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээг авч ажиллах үүрэг өгсөн байдаг. Энэ дагуу өнгөрсөн жил 2 удаа 30 тонн зэсийг үнэ хаялцах байдлаар арилжжээ. Ингэхэд Лондонгийн металлын биржийн агуулахад байгаа зэсээс 68-186 доллараар өндөр үнээр арилжсан байна. Зэсийн арилжаан дээр манай талаас сарын хугацаанд багтаж зэсээ захиалагч талд шилжүүлэн өгөх үүргийг хүлээдэг байна. 2 удаагийн арилжаанд Швейцарийн Transamine SА компани шалгарчээ. Яг одоо мөн зэсийг биржээр арилжих арилжаа нээгдэхээр хүлээгдэж байгаа юм.

"Эрдэнэт үйлдвэр" 2014-2014 онд 4.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Зөвхөн 2024 онд л гэхэд 578 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба улсын гадаад валютын нөөцийг 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн байна.

Ташрамд сонирхуулахад, Эрдэнэт үйлдвэрт нийтдээ 5 бүтээмжийн менежер томилжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe