Б.Тамир: Монголын хөлбөмбөгчид сэрээч ээ, босож ирээч ээ

.Graph
2025-04-07

Монголын хөл бөмбөгийн холбооны ээлжит бус сонгууль болох гэж буйтай холбогдуулан “Ховд Вестерн” клубийн удирдах зөвлөлийн гишүүн, хүүхдийн академийн үүсгэн байгуулагч Б.Тамир мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Би хөлбөмбөгийн салбарт 15 жил ажиллаад, нэрээ дэвшүүлж, материалаа өгсөн боловч нэр дэвшүүлэхээс татгалзсан хариу авсан. Үндэслэл нь дүрмийн 7.1.3-д зааснаар “бичиг баримт дутуу эсвэл хуурамчаар үйлдсэн байх” гэсэн шалтгаар татгалзсан байна. Бид өөрсдөө өгсөн бичиг баримтаа шүүгээд, ямар бичиг баримт дутуу байгаа юм бэ гэдэг тайлбарыг авмаар байвч холбооны зүгээс хариу өгөхгүй байх гэж бодож байна. Учир нь, энэ бол анх удаа болж буй зүйл биш. Өмнөх 2023 оны сонгуулиар “Зөгийнүүд” багийн эмэгтэй төлөөлөгчийг өрсөлдөхөд бас ийм шалтгаанаар хасаад, журмынх нь дагуу материалаа өгөхөд хариу тайлбар өгөөгүй байсан. 

Монголын хөлбөмбөгийг асуудалтай гэдгийг монгол даяараа мэдэж байгаа. Тухайлбал, сонгуульд өрсөлдөж буй хүмүүсийг шалгадаг, шийддэг сонгуулийн хороо гэх таван хүний бүрэлдэхүүнтэй, ямар ч хөлбөмбөгийн холбооны талаар ойлголтгүй хүмүүс байдаг. 

2-3 жилийн өмнөөс буюу өмнөх сонгуулиар сая буусан удирдлагыг /А.Ганбаатар/ “холбооны ерөнхийлөгчид гарах нь тодорхой” гэж хөлбөмбөгийн салбарынхан дотроо ярьж байсан. Сонгууль болохоос өмнө шүү. Өөрөөр хэлбэл, аль хэдийнээ зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй жүжиг яваад байсан. Энэ жүжиг 20 гаруй жил явлаа.

Гэтэл одоо Ц.Анандбазар гэх хүнийг оруулж ирэхээр ярьж байна. Энэ хүн монголын хөлбөмбөгт нэг ч хувь нэмэр оруулаагүй.

Би сүүлийн 15 жил, долоо хоногийн 4 өдөр баг тамирчдаа хараад явж ирсэн. Гэтэл Ц.Анандбазар гэх хүнийг нэг ч харж байгаагүй. Дүрмийн дагуу, хөлбөмбөгийн салбарт 4 жил ямар нэг байдлаар оролцож байж сонгуульд өрсөлдөх ёстой гэх шаардлагыг энэ хүн хангахгүй байна. Гэтэл энэ дүрмээ зөрчөөд Ц.Анандбазарыг нэр дэвшигчээр бүртгэчихсэн. Харин намайг болон н.Мөнхөөг 7.1.3 гэх заалтаар хасаж, Г.Дашням нэр дэвшигчийг сурталчилгаа хийх болоогүй байхад сурталчилгаа хийлээ гэж хассан. 

Түүнчлэн удахгүй манай эмэгтэй баг гадагшаа тэмцээнд явна. Гэтэл ерөнхийлөгчөөр нь Ц.Анандбазар гэх хүн байвал тун асуудалтай санагдаж байна.

Ц.Анандбазар гэх хүн энэ салбарт орж иртлээ хөлбөмбөгийн салбар шалдаа буучхаагүй байна.

Хөлбөмбөгийн клубуудын эзэд, багш нар гэж мундаг хүмүүс байгаа. Хэдэн мөнгөтэй хүмүүс орж ирлээ гээд яах юм бэ.

Монголын хөлбөмбөгчид сэрээч ээ, босож ирээч ээ.

Ханцуйн дотроо наймаалцах юм болоод байна. Африкийн 20 жилийн өмнөх хөлбөмбөгийн холбооны түүх давтагдах гээд байна шүү дээ. Бид Азийн хөлбөмбөгийн холбооноос бандуулах дээрээ тулаад байна. Хэрэв бандуулбал санхүүжилт зогсож, монголын тамирчид, хүүхдүүд хохирно. Хүүхдүүд гадаад руу тэмцээнд явах боломжгүй болж, гадаадын багт орох боломж нь хаагдах дээрээ тулна. 

Хөлбөмбөгийн холбоонд 52 гишүүн байгууллага байдаг. Гэтэл дор хаяж 100-200 байгууллага хүүхдүүдийг тэмцээнд оруулдаг. Эдгээрийг яагаад нэмж болдоггүй юм бэ. Яагаад хүүхэд, эмэгтэйчүүд, футзалны төрлөө тусад нь гаргаад, харьяаных нь дор тусдаа квоттой байж болдоггүй юм. Зарим нь бүр гишүүн мөртөө санал өгөх эрхгүй, мандатгүй хүмүүс ч байна. Түүнчлэн хөлбөмбөгийн холбоонд ямар ч мэдээллийн технологийн бодлого алга. Энэ нь холбооныхны мөнгө идэж, ууж байгаа мэдээллийг нуух нөхцөлийг бүрдүүлж байна. Удирдах зөвлөлийн 15 гишүүний тоог нэмж 20-25, гишүүн байгууллагын тоог 150-200 болгох хэрэгтэй” гэв.

Ийнхүү тэрбээр, тус хэвлэлийн баг хурлаараа дамжуулан хөлбөмбөгийн салбарт цаг хугацаа, эдийн засаг, хүч хөдөлмөрөө зарцуулж буй хөлбөмбөгийн салбарын тамирчид, эзэд, төлөөллүүдийг нэгдэж, улс төрчдөөс салж, салбараа аварцгаая хэмээн уриалсан юм. Мөн бусад төрлийн спортын холбооныхныг хөлбөмбөгийн салбарыг аврахад туслаач хэмээлээ.  

Ташрамд, “Ховд Вестерн” клуб нь 17 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүртгэлтэй 400 гаруй тамирчин, 150-200 идэвхтэй хүүхэдтэй. Мөн 1-р лиг, футзалын 1-р лиг, эмэгтэйчүүдийн лиг, эмэгтэйчүүдийн хүүхдийн лигтэй төдийгүй хүүхдүүдийн дунд зохиогддог бүх уралдаан тэмцээнд оролцдог байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe