Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн намар зассан зуслангийн зам жил бололгүй эвдэрчихлээ гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг асуудалд нийслэлээс тодруулга гаргажээ. Тухайн зам нь Өвөр гүнтийн зам бөгөөд гурван удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй аж.
Тодруулбал, энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замууд буюу Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засах аж.
Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ.
Тэрбээр “Өвөр гүнтийн замыг шинэчлэх замын жагсаалтад оруулж, их засварын ажлын тендерийг гурван удаа зарласан. Гэвч оролцогч байхгүйн улмаас одоог хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж ойр ойрхон эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх