Cousins талархлаа илэрхийлж, “Бишрэлт металл” энэ улирлын хувь заяагаа шийдэх өдрүүд үргэлжилж байна

Ж.Номин
2025-04-07

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын хагас шигшээ шатны тоглолт үргэлжилж буй. 

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд болсон “Хасын Хүлэгүүд” болон “Сэлэнгэ бодонс” багийн 7 дахь тоглолтод “Хасын Хүлэгүүд” баг 87:79 оноогоор хожиж, хагас шигшээд хоёр баг 4:3 харьцаатай тоглолоо. Ийнхүү “Хасын Хүлэгүүд” баг финалд шалгарсан эхний баг болсон юм. 

Улмаар “Сэлэнгэ бодонс” баг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлыг гуравдугаар байраар өндөрлүүлж, хүрэл медаль хүртэн 75 сая төгрөгийн шагнал авлаа.

Тус багт ирсэн  NBA-н бүх оддын тоглолтод дөрвөн удаа сонгогдсон, 2016 оны олимпын алтан медальт DeMarcus Cousins цахим хуудастаа талархлын пост бичжээ.

Тэрбээр “Монголын сагсан бөмбөгийн үнэнч фенүүд, тэр дундаа “Сэлэнгэ Бодонс” багийн дэмжигч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хэдий Монголд өнгөрүүлсэн хугацаа маань богинохон байсан ч энэ хугацаа миний амьдралд мартагдашгүй дурсамж болж үлдлээ. Би хайртай спортоо тоглохоор ирсэн ч энэ газраас би хүсэл тэмүүлэл, бахархлаар дүүрэн ард түмэн, өвөрмөц соёл, үзэсгэлэнт байгаль гээд илүү гүн гүнзгий зүйлсийг мэдэрч, олж авлаа. Би Монголын гайхамшигт соёл, ард түмэн, Монгол улсад дурласан. Та бүхний хайр, дэмжлэг надад үнэхээр их урам өгч, намайг гэр бүлийн нэгэн гишүүн мэт халуун сэтгэлээр хүлээн авсныг хэзээ ч мартахгүй. Бодонс багийг төлөөлөн тоглох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Талбайд гарах бүртээ та бүхний энэ спортод зориулж буй энерги, бахархал, урам зориг, хайр бүхнийг мэдэрч байсан. Энэ мэдрэмжүүдийг би хэзээ ч мартахгүй. Энэхүү боломжийг надад олгосон Сэлэнгэ Бодонс багийн хамт олон, Лүндэгийн Наранбаатар та бүхэнд тусгайлан талархал илэрхийлье. Мөн дасгалжуулагчдаа болон багийнхаа бүх гишүүддээ талархал илэрхийлье. Баяртай гэж хэлэхгүйгээр дараа дахин уулзацгаая. Монгол улс үргэлж миний зүрхэнд байх болно. Би Монгол улсын талаар, та бүхний энд бий болгосон гайхалтай лигийг үргэлж бахархалтайгаар ярьсаар байх болно. Дараа дахин уулзацгаая!” хэмээжээ. 

Одоо хагас шигшээ шатны тоглолт нь үргэлжилж буй “Бишрэлт металл” болон “SG Apes” багуудын тоглолт 3:0 харьцаатай буюу “SG Apes” баг илүүрхэж буй юм. 

Ташрамд, “Бишрэлт металл” баг Үндэсний дээд лигийн тоглолтоос гадна Азийн аваргуудын лигийн хэсгийн тоглолтод оролцож, хоёр долоо хоногийн дотор 5 тоглолт 4 нислэгийг хийгээд байна. Хамгийн сүүлд л гэхэд дөрөвдүгээр сарын 5-нд Жакарта хотноо Азийн аваргуудын лигийн хэсгийн 2 дахь тоглолтдоо Индонезийн “Pelita Jaya Basketball” багт 90:68-ын харьцаагаар ялагдал хүлээсэн юм.

Ийнхүү “SG Apes” багтай хийх Үндэсний дээд лигийн дараагийн хагас шигшээ шатны 4 дэх тоглолт нь дөрөвдүгээр сарын 8-ны 19:10 цагт болох гэж байна. Тэд энэ тоглолтоор цувралыг үргэлжлүүлэх үү, дуусгах уу гэдгээ шийдэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe